Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар Австралийн Холбооны Улсын Амбан захирагч Саманта Мостин нөхөр Симеон Бэкэттийн хамт 2025 оны 9 дүгээр сарын 04-09-ний өдрүүдэд төрийн айлчлал хийж байна.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх гэргий Л.Болорцэцэгийн хамт Австралийн Холбооны Улсын Амбан захирагч Саманта Мостин, нөхөр Симеон Бэкэтт нарыг жанжин Д.Сүхбаатарын талбайд албан ёсоор угтан авлаа.
Төрийн хүндэт харуулын захирагч айлтгал өргөсний дараа хөгжимд хоёр улсын Төрийн дуулал эгшиглэв. Монгол Улсын Ерөнхийлөгч гэргий болон хүндэт зочдын хамт Төрийн ёслолын цэргийн цагаан туганд мэхийн ёсолсны дараа Амбан захирагч Саманта Мостин Төрийн хүндэт харуулын цэргүүдтэй мэндчилэв.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Амбан захирагч Саманта Мостин нар угтах ёслолд хүрэлцэн ирсэн албаны хүмүүс болон Монгол Улсад суугаа Дипломат төлөөлөгчийн газрын тэргүүн, Олон улсын байгууллагын төлөөлөгчидтэй мэндчилж, Их эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүллээ.
Дараа нь Амбан захирагч Саманта Мостин Төрийн ордны Хүндэт зочны дэвтэрт гарын үсэг зурлаа.
Айлчлалын хүрээнд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Амбан захирагч Саманта Мостин нар албан уулзалт хийж, улс төр, худалдаа, хөрөнгө оруулалт, боловсрол, хөдөө аж ахуй зэрэг боломжит салбарт өргөжүүлэх, иргэд хоорондын хэлхээ холбоог бэхжүүлэх, олон улс, бүс нутгийн тавцан дахь хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх талаар санал солилцоно.
Амбан захирагч Саманта Мостин “Оюу толгой” төсөл, “Эмэгтэйчүүдийн уур амьсгалын өөрчлөлтийг даван туулах чадавхыг бэхжүүлэх хөтөлбөр”, Налайхын Политехникийн коллеж зэрэг хоёр улсын хамтран хэрэгжүүлж байгаа төсөл, хөтөлбөрийн хэрэгжилттэй танилцах юм.
Манай хоёр улс 1972 онд дипломат харилцаа тогтоосон бөгөөд 2007 оноос “Өргөтгөсөн түншлэл”-ийн харилцаа хөгжүүлж байна.
1994 онд буюу 31 жилийн өмнө Австралийн Холбооны Улсын Амбан захирагч Билл Хэйден манай улсад, 1997 онд Ерөнхийлөгч П.Очирбат тус улсад айлчилж байсан түүхтэй.