БНСУ-ын Ерөнхийлөгч И ЖЭ МЁН: Хууль бусаар оршин сууж буй иргэдийн хохирлыг нь барагдуулахгүйгээр хөөн гаргаж болохгүй

Arslan.mn

Цагаачлалын тухай хуулийн 84 дүгээр зүйлд “Төрийн захиргааны төв болон нутгийн захиргааны байгууллагын албан хаагч нь ажил үүргээ гүйцэтгэх явцдаа гадаад иргэний хууль бусаар оршин сууж буйг илрүүлсэн тохиолдолд харьяа Цагаачлалын албанд эсвэл яаманд мэдэгдэх үүрэгтэй” гэж заасан байдаг. Энэхүү хуулийн зохицуулалтын улмаас албадан буцаагдах бий гэсэн айдсаас үүдэн гадаад иргэд цалингаа нэхэмжилж гомдол гаргахаас зайлсхийн хохирсоор иржээ.

Тус асуудлаар Хүний эрхийн комисс өнгөрсөн оны 7 дугаар сард Хууль зүйн сайдад цалин хөлсний маргаан зэрэг хөдөлмөрийн хууль тогтоомжийн зөрчилтэй холбоотой асуудал бүхий гадаад иргэдийг дээрх мэдэгдэх үүргээс чөлөөлөх саналыг хүргүүлсэн боловч Хууль зүйн яам нь мөн оны 11 дүгээр сард зөвлөмжийг хүлээн авахаас татгалзсан байна.

Улмаар энэ оны 5 дугаар сард НҮБ-аас БНСУ-ын Засгийн Газарт зөвлөмж хүргүүлснээр тус асуудлыг илүү өргөн хүрээнд анхаарч эхэллээ. Тухайлбал, 2025 оны 9 дүгээр сарын 2-ны өдрийн Засгийн газрын хуралдааны үеэр ерөнхийлөгч И Жэ Мён “Зарим ажил олгогч визгүй иргэдийг албадан гаргавал цалин олгохгүй гэж үзэн зориудаар цалинг нь саатуулж байгаад цагаачлалын албанд барьж өгч байгаа нь улс орныг ичгэвтэр байдалд оруулж байна.

Тэднийг хууль бусаар оршин сууж байсан гээд хохирлыг нь барагдуулахгүйгээр шууд хөөн гаргаж болохгүй, цалингаа авах хүртэл нь оршин суух асуудлыг авч үзэх хэрэгтэй” гэж мэдэгджээ.

Үүний дараа Хууль зүйн яамнаас маргааш нь мэдэгдэл хийж, Цагаачлалын тухай хуулийн 84 дүгээр зүйлд нэмэлт өөрчлөлт оруулан цалингийн маргаантай байгаа гадаад ажилчдыг Цагаачлалын албанд мэдэгдэхээс чөлөөлөх зохицуулалт оруулахаар болсныг мэдээлсэн.

Түүнчлэн энэ сарын 4-ний өдрөөс эхлэн Хөдөлмөр эрхлэлт, хөдөлмөрийн яамнаас гадаад ажилчин олноор ажиллуулдаг салбарууд, хөдөлмөрийн менежмент сул ажил олгогчдыг сонгон хөдөлмөрийн хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт шалгалт хийхээр төлөвлөсөн ба тус шалгалтын гол зорилго нь олгогдоогүй цалингийн асуудлыг шийдвэрлэх болон гадаад ажилчдад цалин хөлс олгохгүйгээр нутаг буцаах асуудлаас урьдчилан сэргийлэхэд чиглэж байна.

Эх сурвалж: korea.net
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an Report.mn post Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
56404