Австралийн Холбооны Улсын Амбан захирагч Саманта Мостины төрийн айлчлал өндөрлөлөө

Arslan.mn

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар хүрэлцэн ирсэн Австралийн Холбооны Улсын Амбан захирагч Саманта Мостин, нөхөр Симеон Бэкэтт нарын төрийн айлчлал өндөрлөлөө.

Айлчлалын үеэр Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Амбан захирагч Саманта Мостин нар албан ёсны уулзалт хийж, найрсаг харилцаа, хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн бэхжүүлэх, ард иргэдийн харилцан ойлголцол, нөхөрлөлийг өргөжүүлэх талаар санал солилцож, уулзалтын үр дүнгийн талаар хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөлөлд мэдээлэл өглөө.

Амбан захирагч нөхрийн хамт Австралийн Засгийн газрын санхүүжилттэй төсөл, хөтөлбөр, тухайлбал “Оюу толгой” төсөл, “Эмэгтэйчүүдийн уур амьсгалын өөрчлөлтийг даван туулах чадавхыг бэхжүүлэх хөтөлбөр”-ийн хэрэгжилттэй танилцаж, “Налайхын Политехникийн коллеж”-д зочиллоо.

Мөн Австралийн Элчин сайдын яам, Үндэсний номын сан, Монголын номын сангийн холбоо хамтран 21 аймаг, нийслэлийн есөн дүүрэгт хэрэгжүүлсэн “Хил хязгааргүй номын сан” төслийн үр дүнтэй танилцаж, Үндэсний номын санд Австралийн зохиолчдын шилдэг бүтээлийн дээжээс 40 гаруй ном хандивлалаа.

Амбан захирагч Саманта Мостин төрийн бус байгууллага, иргэний нийгэм, Австралийн сайн дурын ажилтнууд, эмэгтэй бизнес эрхлэгчид болон Австралид тус улсын тэтгэлэг, батлан хамгаалах чиглэлээр суралцаж төгссөн иргэдийн төлөөлөлтэй уулзлаа.

Эрхэм зочид Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, гэргийн Л.Болорцэцэг нарын хамт “Их тэнгэр” цогцолборт дурсгалын мод тарьж, “Чингис хаан” үндэсний музейд зочлон, эрийн гурван наадам, шагайн харваа, үндэсний урлагийн тоглолт бүхий бэсрэг наадам үзэж сонирхлоо.

Австралийн Холбооны Улсын Амбан захирагчийн түвшинд 31 жилийн дараа болсон төрийн энэ айлчлал хоёр улсын харилцаанд шинэ хуудас нээж,  хамтын ажиллагааг “Иж бүрэн түншлэл”-д хүргэх тохиролцоог баталгаажууллаа.

Хүндэт зочдыг Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, Монгол Улсаас Австралийн Холбооны Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Д.Даваасүрэн, Австралийн Холбооны Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Лео Зенг болон албаны бусад хүн үдэж мордууллаа.

 

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an Report.mn post Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
56440