Засгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж, хуралдаанаас гаргасан шийдвэрүүдийг танилцуулж байна.
Ээлжит хуралдаанаар Онцгой байдлын байгууллагын алба хаагчдад олгодог “албан ажлын онцгой нөхцөлийн нэмэгдэл”-д өөрчлөлт оруулж, нэмэгдлийн хувь хэмжээг 30-аас 40 хувь болголоо.
Тогтоолыг 2026 оны нэгдүгээр сарын 1-нээс мөрдөж, шаардлагатай зардлыг жил бүрийн улсын төсөвт тусгахаар болжээ.
Сүүлийн жилүүдэд гамшиг, аюулт үзэгдэл, ослын тоо нэмэгдсэнтэй холбоотойгоор алба хаагчдын ажлын ачаалал эрс өссөн байна. Иймд шинэ тогтоолд зааснаар, алба хаагчдын цалин хөлс, нийгмийн баталгааг дээшлүүлэх, тогтвортой ажиллах нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор сар бүрийн үндсэн цалингийн 40 хувиар албан ажлын онцгой нөхцөлийн нэмэгдлийг олгохоор шийдвэрлэсэн байна.
Гамшиг, ослын статистик мэдээгээр:
- 2020-2025 оны байдлаар 25,095 удаагийн гамшиг, аюулт үзэгдэл, осол тохиолдож, 3,422 хүний амь нас эрсдэж, 8.2 сая гаруй толгой мал хорогджээ.
- 12,286 гэр, орон сууц, барилга эвдэрч, 30.7 сая га талбай түймэрт өртсөн байна.
- Аврах ажиллагаанд нийт 232,045 хүн 53,092 техник хэрэгслээр ажиллаж, 140 тэрбум төгрөг зарцуулсан бол гамшиг, ослын улмаас 11 их наяд 271 тэрбум төгрөгийн хохирол учирчээ.
Онцгой байдлын байгууллагын алба хаагчид сүүлийн таван жилд 33.3 мянга гаруй иргэний амь нас, 1.4 их наяд төгрөгийн эд хөрөнгийг хамгаалсан байна.