Засгийн газрын ээлжит хуралдаанаар ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газрыг бие даасан алба болгон өргөжүүлэхээр шийдвэрлэжээ. Энэ талаар ХЗДХ-ийн сайд Л.Мөнхбаатар мэдээлэл өглөө.
Тэрбээр, "Засгийн газрын хуралдаанаар цагдаагийн байгууллагын бүтцэд өөрчлөлт оруулах тухай асуудлыг хэлэлцлээ. Сүүлийн жилүүдэд дэлхий дахинаа хар тамхи, мансууралтай холбоотой хэргүүд эрчимтэй гарч байна. Хэрэглэгч, донтогчдын тоо ч өсөж байна. Ийм энэ чиглэлийн арга хэмжээг эрчимжүүлж, бэхжүүлж эхэлсэн.
Хар тамхитай тэмцэх чиглэлээр ажиллаж байгаа нэгжийг алба болгон өргөжүүлэхээр боллоо.
Одоогийн нэгж нь 70 орчим орон тоотой, илүү Улаанбаатар хотод төвлөрч үйл ажилллагаа явуулж ирсэн. Улс орны хэмжээнд үйл ажиллагаагаа тэлэх, гэмт хэргийн гаралтыг илрүүлэх таслан зогсоох, тандалт судалгаа хийх, урьдчилан сэргийлэх зэрэг өргөн хүрээнд үйл ажиллагаа явуулах бодит шаардлага тулгарсан. Иймээс Хар тамхитай тэмцэх газрыг алба болгон өргөжүүлж, орон тоог 145 болголоо.
Мөн техник тоног төхөөрөмжийн хувьд шинэчилж, ирэх оны төсөвт 8 тэрбум төгрөг хуваарилахаар боллоо. Мөн орон нутагт буюу Дархан, Эрдэнэ, Сэлэнгийн чиглэлд нэгж байгуулахаар төлөвлөсөн.
Нийт 8 бүлэглэл бүхий этгээдүүдийг илрүүлж, саатуулж, шалгаж байна. Цаашдаа орж ирж байгаа сувгууд дээр нэлээд төвлөрөх бөгөөд гол хоёр суваг болох Турк, Тайландаас чиглэлтэй урсгалын хилийн хянан шалгах, илрүүлэх ажиллагааг үе шаттай анхаарч ажиллана." гэв.