Хүрээ амаржих газраас зохион байгуулж буй “ЭХ БАРИХ, ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН САЛБАРТ ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ СУДЛАХ НЬ” Олон улсын онол практикийн хурал боллоо. Хурлыг нээж, Хүрээ амаржих газрын захирал АУ доктор, клиникийн профессор Ш.Алтантуяа хэлсэн үгэндээ "Нийслэлийн Хүрээ амаржих газар нь Улаанбаатар хотын хэмжээнд харьяалал харгалзахгүй эх болон нярай, эмэгтэйчүүдийн тусламж, үйлчилгээг үзүүлдэг төрөлжсөн мэргэжлийн эмнэлэг. Шинэ эмнэлэг ашиглалтад орсноор иргэдэд үзүүлэх чанартай тусламж үйлчилгээ сайжирч, орны хүртээмж нэмэгдсэн. Өнөөдөр бид Австрали Улсын Монош эмнэлэгтэй хамтран “ЭХ БАРИХ, ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН САЛБАРТ ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ СУДЛАХ НЬ” Олон улсын онол практикийн хурлыг үндэсний хэмжээнд зохион байгуулж, тулгамдаж буй асуудлыг хэлэлцэж, шийдлээ гаргахаар цуглаад байна. Энэ оны эхний есөн сарын байдлаар зөвхөн Хүрээ амаржих газарт 11-17 насны 72 охин амаржсан. Энэ нь бид цаашид хийх маш их ажил байгааг харуулж байгаа хэрэг юм. Өсвөр насны жирэмслэлт нэмэгдэнэ гэдэг нь эх хүүхдийн эндэгдэл нэмэгдэх эрсдэл буйг харуулж байна. Тиймээс эцэг эхчүүд үр хүүхдээ анхаарахаас гадна ЭМЯ, БШУЯ хамтран бодлогын түвшинд ажиллах хэрэгтэйг харуулж байна." гэдгийг онцоллоо.
Тус хуралд эх барих, эмэгтэйчүүдийн эмч нар, эх барих судлалаар үндсэн мэргэшлийн сургалтад суралцаж буй резидент эмч нар болон эх баригч нар оролцож байна.