"Сүрьеэ болон ям өвчний хяналт" сатрепс хамтарсан төслийн үр дүнг хүлээлгэж өгөх, хаалтын хурлын амжилттай боллоо.
Хуралд Эрүүл мэндийн сайд, Японы Техникийн хамтын ажиллагааны байгууллагын Монгол дахь төлөөлөгчийн газрын дарга, Японы Хоккайдо их сургууль болон Японы Сүрьеэгийн эрдэм шинжилгээний хүрээлэнгийн эрдэмтэн профессорууд, Эрүүл мэндийн яам, Эдийн засаг, хөгжлийн яам, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Мал эмнэлгийн ерөнхий газар, Мал эмнэлгийн эрдэм шинжилгээний хүрээлэн, ХӨСҮТ зэрэг байгууллагын 80 орчим төлөөлөгч оролцлоо.
Төслийн хаалтын хурлыг нээн Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн үг хэлэн, төслийн үр дүнд гарсан томоохон амжилт ололтыг дурьдахын сацуу Монгол Улсын хөгжил дэвшилд хөрөнгө оруулсан ОУ-ын санхүүжүүлэгч, зөвлөх байгууллагын төлөөлөгч нарт гүн талархал илэрхийллээ.
Түүнчлэн хурлын үеэр Монгол улсад хүн, мал амьтны өвчлөлийн тандалтын тогтолцоог бэхжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан Япон улсын эрдэмтэн, төслийн зөвлөх Хоккайдо их сургуулийн доктор, профессор Такаши Кимура, Ясухико Сүзүки нарыг “Эрүүл мэндийн салбарын хүндэт тэмдэг”-ээр шагналаа, талархал илэрхийллээ.
Япон болон Монгол Улсын Засгийн газар хооронд 2020 оны 1-р сарын 16-ны өдөр байгуулсан Техникийн хамтын ажиллагааны хэлэлцээрийн хүрээнд ”Сүрьеэ болон ям өвчний хяналт” хамтарсан төслийг сүүлийн 5 жилийн хугацаанд (2020-2025) хэрэгжүүлж дуусаж байна.
Японы Олон улсын техникийн хамтын ажиллагааны байгууллага (JICA), Японы Эрүүл мэндийн судалгаа, хөгжлийн агентлаг (AMED) хамтран "Тогтвортой хөгжлийн төлөө шинжлэх ухаан, технологийн судалгааны түншлэл" (САТРЕПС)-ийн хүрээнд ”Сүрьеэ болон ям өвчний хяналт” төслийг санхүүжүүлсэн.
Төслийн зорилго: Монгол Улсад үхрийн сүрьеэ, адууны ям өвчнийг “Нэг-Эрүүл Мэнд” үзэл баримтлалд тулгуурлан, шинжлэх ухааны үндэслэлтэй хянах тогтолцоог бүрдүүлэх
Төслийн хүрэх үр дүн
- Халдварт зооноз өвчнийг оношлох шинэ технологид суурилсан хуурай ЛАМП (dry LAMP), Иммунохроматографийн тест (ICT) зэрэг шинжилгээний түргэвчилсэн оношлуурыг зохион бүтээж үхрийн сүрьеэ, адууны ямын халдварыг илрүүлэх, хэрэглээнд нэвтрүүлэх замаар Монгол Улсад одоогийн хэрэглэгдэж байгаа сүрьеэ, ям өвчнийг оношлох аргыг шинэчилнэ.
- Адууны ям, үхрийн сүрьеэ зэрэг зоонозын халдварын эрсдэлийн үнэлгээ хийж, бодит нөхцөл байдлыг тодорхойлно.
- Адууны ям, үхрийн сүрьеэ зэрэг зооноз өвчний тархалт, халдварлалтын бодит нөхцөл байдлыг ийлдэс судлал, молекул биологийн аргаар тогтооно.
- Нэг эрүүл мэнд (On Health) үзэл баримтлалд тулгуурласан зооноз халдварт өвчнийг хянах платформыг бий болгоно.
Төслийг хэрэгжүүлэгч байгууллагууд:
Эрүүл мэндийн яам, Халдварт өвчин судлалын үндэсний төв, Мал эмнэлгийн хүрээлэн, Япон улсын Хоккайдогийн их сургууль, Япон улсын Сүрьеэгийн эрдэм шинжилгээний хүрээлэн зэрэг байгууллагууд хамтран амжилттай хэрэгжүүлж дууслаа.
Монгол Улсын Боловсрол шинжлэх ухааны яам, Эдийн засаг, хөгжлийн яам, Сангийн яам, Мал эмнэлгийн ерөнхий газар, Зоонозын өвчин судлалын үндэсний төв уг төслийг дэмжин “Хамтарсан зохицуулах хороо”-г байгуулан ажилласан байна.
Төслийн бодит үр өгөөж:
Уг төсөл нь Монгол Улсад үхрийн сүрьеэ, адууны ям өвчнийг нэг-эрүүл мэнд үзэл баримтлалд тулгуурлан, шинжлэх ухааны үндэслэлтэй хянах тогтолцоог бүрдүүлэх үндсэн зорилгоо амжилттай биелүүлсэн. Тухайлбал энэ төслийн хүрээнд шинжлэх ухааны болоод практик ач холбогдол өндөртэй шинэ технологи, инновац, технологийн дамжуулалт хийгдсэн байна. Тухайлбал:
- Монгол Улсад Био-аюулгүй байдлын 3-р зэрэглэлийн иж бүрэн лаборатори, халдварт өвчний үүсгэгчийн геномийн бүрэн дараалал тогтоох лабораторийг байгуулан холбогдох багаж, тоног төхөөрөмж, оношлуураар хангаж, мэргэжилтнүүдийг сургажээ.
- Хүн, мал эмнэлгийн салбарт халдварт зооноз өвчнийг оношлох шинэ технологид суурилсан хуурай ЛАМП, иммунохроматографийн тест, сүрьеэгийн эсрэг шинэ эмийн тэсвэржилтийг шингэн тэжээлт орчинд тодорхойлох, сүрьеэгийн халдвар илрүүлэх интерферон гамма тодорхойлох шинжилгээ болон бүрэн геномын дараалал тогтоох дараа үеийн технологийг тус тус нэвтрүүллээ.
- Тус төслийн хүрээнд Монгол Улсад хүн, малын дунд үхрийн сүрьеэгийн халдварлалт байхгүй гэдгийг тогтоосон. “Монгол Улс үхрийн сүрьеэгээс ангижирсан орон” гэдгийг Засгийн газар болон олон улсад мэдээлэх шинжлэх ухааны нотолгоог бүрдүүлсэн нь манай улсын төдийгүй олон улсын зоонозын өвчинтэй тэмцэх, сэргийлэхэд өөрийн хувь нэмрийг орууллаа. Үүний зэрэгцээ манай улсын нийгэм эдийн засагт ихээхэн ач холбогдолтой юм.
- Хүн, мал эмнэлгийн салбарын 20 гаруй эмч, мэргэжилтэн, судлаач нарыг олон улсын өндөр зэрэглэлийн хүрээлэн их сургуульд сургалтад хамруулж тус салбарын хүний нөөцийг чадавхжуулахад ихээхэн хувь нэмэр оруулсан байна.
- Япон улсын профессор, эмч, мэргэжилтнүүд зоонозын өвчний чиглэлээр Монгол судлаачидтай хамтарсан судалгааг гүйцэтгэж салбар дундын хамтын ажиллагааг өргөжүүлэхэд ихээхэн нөлөө үзүүлж байна.