Япон улсын Каназава их сургуулийн Удирдах зөвлөлийн гишүүн профессор Акихару Моримото, дэд захирал профессор Норико Хасэбэ болон бусад төлөөлөгчид 2025 оны 9 сарын 2-6 өдрүүдэд АШУҮИС-д зочиллоо.
АШУҮИС, Каназава их сургуулийн эрдэмтэд жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “MNUMS–KU Joint Symposium” эрдэм шинжилгээний хурал Чингис Хаан Үндэсний Музейн Их танхимд 2025 оны 9 сарын 4-ний өдөр амжилттай боллоо.
Эрдэм шинжилгээний хурлыг АШУҮИС-ийн Ректор, профессор Б.Дамдиндорж нээж үг хэлэн, Каназава их сургуулийн Ерөнхийлөгч профессор Такаши Вада онлайнаар холбогдон хуралд оролцогчдод мэндчилгээ дэвшүүлэв.
Эрдэм шинжилгээний хуралд Орчны эрүүл мэнд, Чихрийн шижин, Арьс судлал, Мэдрэлийн мэс заслын чиглэлээр Япон болон Монголын судлаачид илтгэл хэлэлцүүлэн шинээр хийгдэж буй судалгааны ажлууд, эмнэлзүйн туршлагаас хуваалцлаа.
Мөн их сургуулиуд хоорондын цаашдын хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар хэлэлцүүлэг зохион байгуулагдлаа. Хэлэлцүүлэгт Каназава их сургуулийн төлөөлөгчид, АШУҮИС-ийг төлөөлөн Гадаад харилцааны газрын дарга Д.Өлзиймаа, АУС-ийн Захирал профессор Я.Энхтөр, НЭМС-ийн Захирал профессор Д.Даваалхам, Мэргэжил дээшлүүлэх институтийн захирал Т.Баясгалан, Төгсөлтийн өмнөх сургалтын бодлого, зохицуулалтын газрын дарга С.Хандмаа, НЭМС-ийн Орчны эрүүл мэндийн тэнхим, АУС-ийн Мэдрэл судлалын тэнхим, Дотоод шүүрэл судлалын тэнхмүүдийн төлөөл болох тэнхимийн эрхлэгчид, багш нар оролцов.
Хэлэлцүүлгийн хүрээнд төгсөлтийн өмнөх болон төгсөлтийн сургалтын суралцагчдын оюутан солилцооны хөтөлбөрүүдийг хөгжүүлэх, мөн орчны эрүүл мэнд, чихрийн шижингийн чиглэлээр хамтарсан судалгааны төсөлт ажлууд эхлүүлэх, мөн мэдрэлийн мэс заслын чиглэлээр эмнэлгийн тусламж үйлчилгээг нэвтрүүлэх зэргээр хамтын ажиллагааны чиглэлүүдийг амжилттай тодорхойллоо.