Монгол Улсын гадаад болон дотоод худалдааны мэдээллийг Үндэсний статистикийн хороо /ҮСХ/ 2025 оны есдүгээр сарын 1-ний өдрийн байдлаар танилцууллаа. Ингэхдээ экспорт өмнөх оны мөн үеэс 13.8 хувиар буурсан үзүүлэлтэй гарчээ. Тухайлбал, Монгол Улс 2025 оны эхний найман сард нийт 157 улстай худалдаа хийсэн байна. Мөн гадаад худалдааны нийт бараа эргэлт 16.6 тэрбум ам.долларт хүрчээ. Үүнээс экспорт 9.2 тэрбум ам.доллар, импорт 7.5 тэрбум ам.долларт хүрч, тэнцэл 1.7 тэрбум ам.долларын ашигтай гарсан байна. Нийт барааны эргэлтийн хэмжээ өмнөх оны мөн үеэс 1.5 хувь тэрбум ам.доллар, экспорт 1.5 тэрбум ам.доллар, импорт 24.7 сая ам.доллар бол тэнцэл 1.4 тэрбум ам.доллароор тус тус буурсан аж. Монгол Улсын экспортын гол нэр төрлийн бүтээгдэхүүн эрдэс бүтээгдэхүүн, нэхмэл эдлэл, амьд мал, амьтад болон сувд, үнэт ба хагас үнэт чулууг 157 улстай худалдаа хийдэг.
Энэ оны найман сард өмнөх оны мөн үеэс экспортын хэмжээ 1.5 тэрбум ам.доллароор буурахад нүүрс 2.7 тэрбум ам.доллар, угаасан ноолуур 238.9 сая ам.доллар, боловсруулаагүй газрын тос 43.3 сая ам.доллар, боловсруулаагүй буюу хагас боловсруулсан алт 35 сая ам.доллар, хонь болон ямааны мах 25.9 сая ам.доллароор тус тус буурчээ. Харин зэсийн хүдэр ба баяжмал 1.5 тэрбум ам.доллар, мал амьтны самнасан үс, хялгас 88.8 сая ам.доллар, цайрын хүдэр баяжмал 43.4 сая ам.доллароор өссөн байна.
Харин импортын өмнөх оны мөн үеэс 24.7 сая ам.доллароор буурсан байна.
Экспортын гол түнш болох БНХАУ-д экспортолсон барааны 41.5 хувийг нүүрс, 40.9 хувийг зэсийн хүдэр баяжмал эзэлж байгаа бол Швейцарь улсад 99.5 хувийг боловсруулаагүй буюу хагас боловсруулсан алт эзэлж байна. Нөгөөтэйгүүр алт, зэсийн хүдэр баяжмал тонн тутамд 435 ам.доллароор тус тус өссөн байна. Түүнчлэн Гашуун сухайт боомтоор хийсэн экспорт 2025 оны эхний найман сарын байдлаар чулуун нүүрсний эзлэх хувь 42.5 хувь болж, өмнөх оны мөн үеэс 30.9 хувиар буурсан талаар Үндэсний статистикийн хорооноос мэдээллээ.