"ABU-62" дугаар Ерөнхий Ассамблей Радиогийн ажлын хэсгийн хурлаар үргэлжилж байна.
Радиогийн бүлгийн хурлын эхэнд нээлтийн үгийг зохион байгуулагч талаас МҮОНР-гийн захирал Ц.Бямбажаргал, ABU талаас Ази, Номхон далайн өргөн нэвтрүүлгийн холбооны Хөтөлбөр хариуцсан захирал Аоки Казунори, Ази, Номхон далайн өргөн нэвтрүүлгийн холбооны Радио хариуцсан захирал Эндрю Дэвис нар хэллээ.
Нээлтийн дараа МҮОНР-гийн захирал Ц.Бямбажаргал Монголын радиогийн үйл ажиллагаа болон соёлын өвийг хэрхэн хамгаалж, хадгалдаг тухай товч видео мэдээлэл хүргэлээ.
Үүний дараа ABU олон улсын радио, аудио салбарт хийж хэрэгжүүлж буй арга хэмжээний талаарх мэдээлэл болон ABU-гийн гишүүдийн дунд явуулсан подкастын судалгааны үр дүн, зарим чиг хандлагын онцлогийг Ази, Номхон далайн өргөн нэвтрүүлгийн холбооны Радио хариуцсан захирал Эндрю Дэвис танилцууллаа.
Ази, Номхон далайн өргөн нэвтрүүлгийн холбооны Радио хариуцсан захирал Эндрю Дэвис ""Азийн радиогийн өдрүүд 2025" арга хэмжээ өнгөрсөн долоо хоногт Индонез улсад болсон. Тус уулзалтаар хэвлэл мэдээллийн байгууллага болон цахим платформ хоорондын хамтран ажиллах шинэ боломжуудын талаар хэлэлцсэн" гэлээ.
"Азийн радиогийн өдрүүд 2025” өнгөрсөн 7 хоногт Индонез улсад болсон
Ази, Номхон далайн өргөн нэвтрүүлгийн холбооны Радио хариуцсан захирал Эндрю Дэвис "Энэ жил ABU-гийн гишүүдийн дунд явуулсан подкастын судалгааны үр дүнд хэвлэл мэдээллийн байгууллагууд ямар төрлийн подкастыг түлхүү хийж байгаа талаар судалсан.
Судалгааны дүнд нэг сонирхолтой зүйл ажиглагдсан нь шинээр зохиох биш эргэн санах болон видео подкастууд түлхүү хийсэн байна. Харин подкаст цацах хамгийн том сувгаар Youtube болон тухайн хэвлэл мэдээллийн байгууллагын өөрсдийн сувгууд нэрлэгдсэн. Подкастын сэдэв агуулгын тухайд залууст чиглэсэн подкаст түлхүү цацагдсан нь судалгааны дүнгээр гарсан" гэв.