БНСУ-ын KBS-ийн Ерөнхийлөгч бөгөөд Гүйцэтгэх захирал Пак Жан-бём тэргүүтэй төлөөлөгчид өнөөдөр Монголын Үндэсний Олон Нийтийн Радио Телевиз (МҮОНРТ)-д зочилж, хамтын ажиллагааны талаар санал солилцов.
Тэрбээр эдгээр өдрүүдэд Улаанбаатар хотноо чуулж буй Ази, Номхон далайн өргөн нэвтрүүлгийн холбооны 62 дугаар ассемблейд хүндэт зочноор оролцож байгаа юм.
Уулзалтын үеэр МҮОНРТ-ийн Ерөнхий захирал Г.Гэрэл болон БНСУ-ын KBS-ийн Ерөнхийлөгч Пак Жан-бём нар хоёр талын хамтын ажиллагааны Санамж бичигт гарын үсэг зурлаа.
Хамтын ажиллагааны Санамж бичигт:
-
Мэдээ, спорт, цаг үеийн бусад үйл явдлыг сурвалжлахад харилцан дэмжлэг үзүүлэх,
-
Соёл, урлаг, спорт, мэдээний хөтөлбөрүүдийг харилцан солилцох,
-
Дижитал платформ, өргөн нэвтрүүлгийн тоног төхөөрөмж, дэвшилтэт технологийн чиглэлээр хамтран ажиллах,
-
Уран бүтээлчид, сэтгүүлчдийн мэдлэг туршлагыг нэмэгдүүлэх сургалт, хөтөлбөр зохион байгуулах,
-
Хоёр талын зохион байгуулдаг арга хэмжээнд харилцан оролцоог дэмжих зэрэг заалтууд тусгагджээ.
Энэхүү Санамж бичиг нь Монгол, БНСУ-ын өргөн нэвтрүүлгийн салбарын хамтын ажиллагааг шинэ шатанд гаргах, хоёр орны хэвлэл мэдээллийн байгууллагуудын харилцааг бэхжүүлэх чухал алхам болж байна.