УИХ-ын намрын чуулган өнөөдөр нээлтээ хийлээ.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Д.Энхтуяа "Хөнгөлөлт дээр арилжааны банкуудад 280 тэрбум төгрөг тусгагдсан байгаа. Яагаад 280 тэрбум төгрөгийг хүүгийн татаас, хүүгийн дэмжлэг гэж өгдөг юм бэ? Түүний оронд ахмад настны дэмжлэгт анхаарч үзэх ёстой гэж бодож байна. Төсвийн хэлэлцүүлгийн явцад үүнийг өөрчлөх боломжтой гэж үзэж байна. Манай Монгол Улсын нийт хүн амын 10 хувь нь ахмад настан байна. Харин 2030 онд 11 хувь нь ахмад настан болно. Нийт хүн амын 12 хувь нь ахмад настан болбол хөгширч байгаа үндэстэн гэж олон улсад нэрлэдэг.
Өнөөдөр ахмадууд төрөөс сэтгэл гуйсан байдлаар яваад байна. "Тэтгэвэр нэмэгдүүлье" гэж байгаа ч бүх ахмадын тэтгэвэр тэгж хүссэн хэмжээгээр нэмэгдэхгүй. Ялгаатай шатлалтай нэмэгдэх учраас ахмадууд маань бухимдаад байгаа юм. Ахмад настанд үзүүлж байгаа халамжийн 10 хүрэхгүй хувийг ахмадын тэтгэвэр, тэтгэмж болон хөдөлмөр эрхлэлтэд зарцуулна гэсэн хуультай. Энэ хуулийг биелүүлж ажиллахыг шаардана" гэв.