УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар "Монгол Улсын 2026 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2027-2028 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл"-ийн нэгдүгээр хэлэлцүүлгийг хийж байна.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Х.Жангабыл "Баян-Өлгий аймагт олгох санхүүгийн дэмжлэгийг 2 жил дараалан хаслаа. Үүнээс болж 164 алба хаагч цомхтголд орох болж байна. Төвийн бүсээс алслагдсан, хүн хам хамгийн олон аймаг шүү дээ.
Мөн шаардлага хангаагүй ХҮН намын нэг нөхрийг томилсон нь цэцэрлэг, сургуулийн эрхлэгч нарт "Манай намд элсэхгүй бол ажлаас хална" гэж дарамталж байна. Тэр нөхрийг хэд хоногийн өмнө ажлаас чөлөөлснөө хэд хоногийн дараа дахиад томилсон сурагтай. П.Наранбаяр та ХҮН намын хүний нөөцийн сайд юм уу, улсын сайд юм уу? Та хуулиа хэрэгжүүлэх хэрэгтэй." гэв.
Боловсролын сайд П.Наранбаяр "Боловсролын газрын даргын томилгоонд Төрийн албаны зөвлөлөөс шаардлага ирсэн, шаардлагын дагуу чөлөөлсөн. Гэхдээ түр томилгоогоор ажиллуулах шаардлага гарсан тул эргэн түр томилгоо хийсэн. Улстөржсөн томилгоо хийхийг зөвшөөрөхгүй. Мөнгө төгрөг өгч ажлын байрыг зардаг зохисгүй юм байгаа нь үнэн. Тэнд хурсан, ужгирсан асуудал олон байна." гэв.