Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас гаргасан зөвлөмжийн дагуу жил бүрийн 09 дүгээр сарын 17-ны өдрийг “Дэлхийн үйлчлүүлэгчийн аюулгүй байдлын өдөр” болгон тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай.
Улсын Нэгдүгээр төв эмнэлэг нь энэ өдрийг тохиолдуулан үйлчлүүлэгч болон хэвтэн эмчлүүлж буй иргэдэд зориулан өдөрлөгийг зохион байгууллаа.
Энэ талаар УНТЭ-ийн Эмнэлгийн тусламж, үйлчилгээ, чанар аюулгүй байдлын албаны менежер Л.Золзаяа “УНТЭ дээр “Дэлхийн үйлчлүүлэгчийн аюулгүй байдлын өдөр”-ийг тэмдэглэн өнгөрүүлж байна. Тус өдрийг 2019 оноос хойш ДЭМБ-аас ирүүлсэн зөвлөмжийн дагуу бүх улс орнууд тэмдэглэн өнгөрүүлдэг.
Өнөөдөр өдөрлөгийн хүрээнд нийгмийн эрүүл мэндийн чиглэлээр эмнэлгийн хоолыг иргэдэд сурталчлах, үйлчлүүлэгчийн зургаан зорилтын хүрээнд жишиг тасгийг тодруулан бусад тасгууд суралцах ажлыг зохион байгууллаа.
Эмнэлгүүд үйлчлүүлэгчийн аюулгүй байдлыг хангахад маш их анхаарч ажиллахаас гадна тав тухтай орчинд үйлчлэх зорилт тавин ажилладаг. УНТЭ-ийн хувьд энэ онд хэвтэн эмчлүүлж буй үйлчлүүлэгчид тохирсон зөв, чанартай эмийг өгөх технологийг нэвтрүүлсэн. Үүнээс гадна үйлчлүүлж буй иргэдэд зориулсан “AI хөтөч”-ийг ашиглалтад оруулаад байна. Уг “AI хөтөч”-ийн тусламжтайгаар иргэд өөрсдөө өвдөж буй оношоо хэлж ямар эмчид үзүүлэх эсэхээ асуух боломжтой юм." хэмээлээ.