Сэлэнгэ аймгийн Ерөө сумын нутагт үйл ажиллагаа явуулж буй “Хризо праза групп” ХХК, “Жинжий майнинг” ХХК, “Түм их эрхэд” ХХК-ийн уурхайн үйл ажиллагааг бүхэлд зогсоолоо. БОУАӨЯ-ны Байгаль орчны улсын хяналтын газраас хийсэн шалгалтаар дээрх уурхайнууд нь байгаль орчны менежментийн төлөвлөгөө батлуулаагүй, газар, усны гэрээ хийгээгүй, холбогдох бичиг баримтын бүрдэл дутуугийн дээр нарийвчилсан үнэлгээгээр тавигдсан шаардлага биелүүлээгүй, өмнө хийсэн шалгалтаар тавьсан лац тэмдэг хөндсөн зөрчил илэрчээ. Мөн уулын ажлын төлөвлөгөөнд заасан тоног төхөөрөмжийг хэтрүүлсэн, байгаль орчны менежментийн төлөвлөгөөний хэрэгжилтийг хангуулж ажиллаагүй “Чамин алт” ХХК-ийн уурхайн үйл ажиллагааг хэсэгчлэн зогсоолоо.
Урьдчилан сэргийлэх хяналт шалгалтаар Бугант тосгоны нутаг дэвсгэрт байрлах “Бага өлөнт” гэх газарт 3 иргэн 1 экскаватор, 1 ширхэг алт угаах төхөөрөмж ашиглан хууль бусаар олборлолт явуулж байсан зөрчлийг илрүүлэн харьяаллын дагуу Цагдаагийн байгууллагад шилжүүлсэн байна. Холбогдох бичиг баримт, зөвшөөрөлгүйгээр Бэрлэгийн цагаан тохой гэх газарт нэвтэрсэн 2 экскаватор, 2 ачааны машин, 1 сууцны зориулалттай чиргүүл бүхий иргэдийг албадан буцаав.