Хөвсгөл аймгийн Тариалан сумын "Сайхан мод" гэдэг газар ой модонд алга болсон 2 настай хүүг эрэн хайсаар байна.
Тодруулбал, өнөө өглөө 06.30 цагийн байдлаар нутгийн иргэд нэмэгдэж 300 гаруй хүний бүрэлдэхүүнтэй хайх ажил эхэлжээ.
2025.09.19-ний өдрийн байдлаар Хөвсгөл Онцгой байдлын газар, Булган аймгийн Онцгой байдлын газар, ОБЕГ-ын харьяа Агаараас эрэн хайх аврах анги, тус аймаг, сумын Засаг даргын тамгын газар, Хүүхэд, гэр бүл хөгжил хамгааллын газар, Хилийн цэргийн 0257-р анги, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, Зэвсэгт хүчний 321-р тусгай салбар, ар гэрийн хүмүүс, сумын мэргэжлийн анги, Шинэ-Идэр сумын Засаг даргын Тамгын газар, сайн дурын иргэд нийт 181 хүн, 1 эрэлч нохой, 1 нисдэг тэрэг, 4 дрон, 30 морь, 40 автомашинтайгаар 3 бүлэгт хуваагдан ажиллаж байна.
Эргэн сануулахад, Есдүгээр сарын 17-ны өдрийн 16:55 цагт Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газарт Тариалан сумын Баянхошуу багийн “Сайхан мод” гэх газарт бага насны хүүхэд сураггүй болсон тухай дуудлага иржээ. Иргэн Ц-ийн хоёр настай хүү П нь мод бэлтгэлийн газарт гэр бүлийнхээ хамт байсан бөгөөд эцэг эхийнхээ түр холдсон хугацаанд машиндаа унтаж байгаад сураггүй болсон байна.