Өнөөдөр Эрүүл мэндийн яам, Халдварт Өвчин судлалын Үндэсний төв, Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, Глобаль сангийн дэмжлэгтэй ДОХ, Сүрьеэгийн төсөл хамтран “Сүрьеэтэй тэмцэх, сэргийлэх, хянах арга хэмжээний төлөвлөгөөг танилцуулах дээд хэмжээний уулзалт болж байна.
Тус арга хэмжээнд Эрүүл мэндийн сайдын зөвлөх Б.Дэмбэрэл, ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал С.Энхболд, ДЭМБ-ын суурин төлөөлөгч Соккоро Эскатанте, ЭМЯ-ны НЭМБХГ-ын дарга Б.Цэцэгсайхан болон төрөлжсөн нарийн мэргэжлийн төв эмнэлэг, сүрьеэгийн диспансер, төрийн бус байгууллагууд болон олон улсын байгууллагын төлөөлөл нийт 300 гаруй төлөөлөгч оролцож байна.
Энэ үеэр ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал С.Энхболд “Монгол Улс нь сүрьеэгийн дарамт өндөртэй 30 орны тоонд багтаж, жилд дунджаар 3000 гаруй сүрьеэгийн тохиолдол, 150-200 нас баралт бүртгэгдэж байна.
Манай улсад сүрьеэ өвчинтэй тэмцэх, сэргийлэх, хянах чиглэлээр 1994 оноос хойш нийт 7 удаагийн үндэсний хөтөлбөр арга хэмжээний төлөвлөгөөг батлан хэрэгжүүлж байна.
Энэ удаа хэрэгжүүлэх “Сүрьеэтэй тэмцэх, сэргийлэх, хянах арга хэмжээний төлөвлөгөө”-г хэрэгжүүлснээр
- Эрүүл мэндийн тусламж үйлчилгээний анхан шатанд сүрьеэгийн оношилгоо, эмчилгээний чадавхийг нэмэгдүүлж өргөжүүлэх
- Бүх шатны эрүүл мэндийн байгууллагад сүрьеэг заавал мэдээлэх тогтолцоог хөгжүүлэх
- Сүрьеэгийн илрүүлэлт, оношилгоо эмчиүлгээний хяналтад шинэ технологи нэвтрүүлнэ
- Олон эмэнд тэсвэртэй сүрьеэгийн тандалт, өвчтөн төвтэй тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх халдварын хяналт, сэргийлэлтийг бэхжүүлнэ
- Сүрьеэгээс улбаалсан ядуурал, гарах дарамтыг багасгана.
Дээд хэмжээний уулзалтын үеэр Сүрьеэ өвчнийг бууруулах хүрээнд Глобаль сангийн дэмжлэгтэй 1,5 тэрбум төгрөгийн AI-д суурилсан рентген болон зарим төхөөрөмжийг хүлээлгэж өглөө." гэдгийг энэ үеэр онцоллоо.
ДЭМБ-ын суурин төлөөлөгч Соккоро Эскатанте:
Энэ уулзалт нь сүрьеэг таслан зогсооход өндөр ач холбогдолтойгоос гадна эрүүл мэндийн тогтолцоонд маш чухал арга хэмжээ гэж үзэж байгаа. Өнөөдрийн байлдаар Монгол Улс сүрьеэ өвчний өндөр дарамттай 30 орны нэг хэвээр байна. 100,000 хүн амд 491 хүн энэ өвчнөөр өвдөх эрсдэлтэй байгаа нь сэтгэл маш их түгшээж байна. түүнчлэн олон эмэнд тэсвэртэй сүрьеэ өвчний тохиолдол их байгаа нь судалгаанаас харагдаж байна. Гэтэл эмчилгээнд хамрагдаж буй иргэдийн тоо нэмэгдэхгүй байна. Гэсэн хэдий ч ЭМЯ, Глобаль сан хамтран энэ өвчний эсрэг шат дараатай арга хэмжээнүүдийг авч, тэмцсээр л байна. Энэ онд Герман улсын Засгийн газраас дэмжлэг үзүүлэн ажиллаж байна.
Монгол Улсад сүрьеэ өвчнийг таслан зогсоох бааз бүрдсэн гэж харж байна. Нэгдүгээрт сүрьеэ өвчнийг устгахын тулд төрийн оролцоо маш их байгаа. Хоёрдугаарт санхүүгийн нөөцийг хуваарилдаг. Гуравдугаарт эрүүл мэндийн тогтолцоог иргэн бүрт хүргэх зорилт тавин ажиллаж үүндээ ч хүрэхийн төлөө шаргуу хөдөлмөрлөдөг. Алс хязгаарт амьдардаг иргэд ч энэ төрлийн тусламж үйлчилгээг авдаг.
Өнгөрсөн хугацаанд ЭМЯ, ХӨСҮТ, сүрьеэгийн диспансер, төрийн бус байгууллагууд сүрьеэ өвчнийг устгах ажлыг идэвхитэй хийдэг хэдий ч эрүүл мэндийн тогтолцоогоо улам төгөлдөр болгох, эрт илрүүлгийг нэмэгдүүлэх, эмийн хангамжийг тасралтгүй хүргэх шаардлагатай байгааг харж болно.