НИТХ-ын дарга А.Баяраар ахлуулсан Түгжрэлийг бууруулах ажлын хэсгээс богино болон дунд хугацааны ажлуудыг шат дараатайгаар хийж байна. Тэгвэл өнөөдөр тус ажлын хэсгийн бүрэлдэхүүн Нарны гүүрний доогуурх Uturn-ний зүүн талын нэг эгнээ замыг өргөтгөн шинэчилж буй ажлын явцтай танилцлаа.
Нарны гүүрний зүүн талын нэг эгнээ замыг өргөтгөх ажил дууссан бөгөөд өнөөдөр буюу 10-р сарын 15-наас нээнэ. Үүнтэй холбоотойгоор “Нарны хороолол” талаас ирэх жолооч нар МТС-ийн уулзвараар буцаж эргэх шаардлагагүй шууд Нарны гүүрний зүүн талаар буцаж эргэх эргэлт хийн хотын төв рүү шууд орох боломжтой.
Нарны гүүрний доод талын Uturn-ний зүүн талын нэг эгнээ замыг өргөтгөн шинэчилж зохицуулалт хийснээр МТС-ийн уулзварын хойноос цагт 2186 тээврийн хэрэгсэл зорчдогоос 942 тээврийн хэрэгсэл нь буюу 43 хувь нь буцаж эргэдэг. Үүнийг 10 хувиар бууруулна.
Цаашид “Дэма” эмнэлгийн хажуугийн авто замыг Нарны хорооллын хойд замтай Нарны гүүрний доод хэсгээр холбож хоёр эгнээ бүхий эсрэг хөдөлгөөнтэй авто замыг нээхээр үе шаттай ажиллаж байна.