Улсын Нэгдүгээр төв эмнэлгийн түүхт жилийн ой эдгээр өдрүүдэд тохиож байна. Тус эмнэлэг нь ойн арга хэмжээний хүрээнд олон ажлыг хийж байна.
Тэгвэл энэ хүрээнд ЭМЯ, ЭМХТ, УНТЭ, БНСУ-ын Донорын гэр бүлийг дэмжих холбоо хамтран иргэдэд донорын тухай зөв ойлголтыг өгөх хүрээнд "Амьдрал бэлэглэе" донорын өдөрлөгийг зохион байгууллаа.
Тус үйл ажиллагааг нээж УНТЭ-ийн Ерөнхий захирал Л.Бямбасүрэн хэлсэн үгэндээ "Донор гэдэг бол амь нас эрсдэх нөхцөлд хүрсэн өвчтөнд амьдрал бэлэглэдэг ачтан юм. Хүнд амьдрал бэлэглэх шиг том гавьяа байхгүй. Донорууд гэдэг бол улсын минь баатрууд юм. Дэлхий даяар эрхтэн шилжүүлэн суулгах мэс засал хөгжөөд удсан. Тэгвэл манай эмнэлэг өнөөдөр элэг, бөөр шилжүүлэн суулгах, чөмөг шилжүүлэн суулгах мэс заслыг эмчилгээнд нэвтрүүлж өнөөдрийн байдлаар бөөр шилжүүлэн суулгах 400 гаруй, элэг шилжүүлэн суулгах 300 гаруй мэс заслыг хийгээд байна. Цаашид бид энэ технологийг улам хөгжүүлэх бодлого баримтлан ажиллаж байна." гэдгийг онцоллоо.
"Донорын гэр бүлийг дэмжих холбоо"-ны тэргүүн Jong Bin Song:
Миний охин 13 жилийн өмнө буюу 34 настайдаа тархины үхэлтэй өвчтөн болсон. Тухайн үед би энэ талаар ямар ч ойлголтгүй байсан. Тухайн үед эмч, мэргэжилтнүүд надад "Таны охин хамгийн багада есөн хүнд амьдрал бэлэглэх боломжтой" гэж хэлсэн. Энэ шийдвэрийг гаргах нь надад амар байгаагүй ч миний охины эрхтэн бусдад амьдрал бэлэглэж, бидний дунд амьдрах нь гэж итгэж охиныхоо эрхтэнийг хандивлаж байсан. Тэр үеэс би тархины үхэлтэй донор болон эрхтэн шилжүүлэн суулгах эмчилгээ, мэс заслын талаар судалж эхэлсэн. Ингээд донорын гэр бүлийг дэмжих төвийг байгуулж, тэдэнд сэтгэл зүйн зөвлөгөө, тусламж үзүүлэх ажлыг хийж байна.
Монголчуудын тархины үхэлтэй донорын талаарх үзэл бодол нь сөрөг байдаг шиг санагдсан. Тархины үхэлтэй л гэсэн онош авсан бол тухайн өвчтөн донор болсноор дор хаяж есөн өвчтөнд амьдрал бэлэглэдэг. Тиймээс би энэ мэдээллийг иргэдэд түлхүү өгч ажиллахыг зорьдог.
Ташрамд дурдахад манай улсад 1000 гаруй эд, эс, эрхтэн шилжүүлэн суулгах эмчилгээг хийсэн бөгөөд үүний 72 мэс заслыг тархины үхэлтэй донороос шилжүүлж байжээ.