Иргэд түлш авахын тулд гэрээсээ хол явж, дараалалд олон цаг зогсох, ажлаасаа хоцрох зэрэг хүндрэл байнга гарч байна

Arslan.mn

Хүний эрхийн Үндэсний Комиссын дарга Д.Сүнжидээр ахлуулсан ажлын хэсэг өчигдөр (2025.10.22) Түлш борлуулах төвүүдийн үйл ажиллагаатай танилцжээ.

Нийслэлийн өрхүүд энэ сарын 1-нээс хагас коксожсон түлш хэрэглэж эхэлсэн бөгөөд аж ахуйн нэгж, байгууллагууд түүхий нүүрс ашиглахгүй байх зохицуулалт хийгээд буй. Энэ хүрээнд Комиссын ажлын хэсэг түлш борлуулах төвүүдийн нөхцөл байдал, иргэдийн түлшний хүртээмж, хэрэглээний бодит нөхцөлд дүн шинжилгээ хийв.

Улаанбаатар хотод 176 мянга орчим өрх галлагаатай амьдарч байгаа. Үүнээс 7000 гаруй өрхтэй хороонд хоёр борлуулах цэг ажиллаж байхад, 2000 орчим өрхтэй хороонд гурван цэг байрлах зэрэг зөрүүтэй байна.

ХЭҮК нөхцөл байдалтай танилцаж дараах зөрчлүүдийг илрүүллээ. Үүнд:

  • Түлш борлуулалтын нэг цэгт өдөр бүр 5–10 тонн түлш нийлүүлж, өрх бүрд өдөрт гурван шуудай, долоо хоногт долоон шуудай түлш олгож байгаа нь иргэдийн хэрэгцээнд хүрэлцэхгүй байгаа,
  • “Хотула” аппликейшнд түлшний үлдэгдэлтэй гэж зааж байгаа ч газар дээр очиход түлш дууссан байх, байршлын мэдээлэл тодорхойгүй байх зэрэг зөрчил илэрч байна.

Мөн иргэдийн зүгээс Хүний эрхийн Үндэсний Комиссын ажлын хэсэгт дараах мэдээллийг өглөө. Үүнд:

  • Хагас коксожсон шинэ төрлийн түлш нь өмнөх нүүрснээс илч багатай, хурдан шатаж дуусдаг, килограмм жин нь хүрэхгүй байгаа,
  • Иргэд түлш авахын тулд гэрээсээ хол явж, дараалалд олон цаг зогсох, ажлаасаа хоцрох зэрэг хүндрэл байнга гарч байгаа бөгөөд зарим тохиолдолд 10 гаруй борлуулах цэгээр орсон ч түлш авч чадаагүй.

ХЭҮК-оос нөхцөл байдал хүнд байна хэмээн дүгнэж, холбогдох албан тушаалтнуудад санал, зөвлөмжийг илгээхээр болжээ. 

Эх сурвалж: Хүний Эрхийн Үндэсний комисс

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an Report.mn post Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
57139