
Монголын нүүрсний худалдааны сэргэлт үргэлжилж, өнгөрсөн есдүгээр сард Монгол Улсаас БНХАУ-ын импортолсон нүүрсний хэмжээ сарын дүнгээр дээд түвшинд хүрснийг тус улсын Гаалийн ерөнхий газар мэдээллээ. Монголоос нийт 9.3 сая тонн нүүрс авсан нь өмнөх оны мөн үеэс 33 хувиар өссөн дүн болоод зогсохгүй 2015 онд анх гаалийн статистикаа нээлттэй болгосноос хойших нэг сарын дээд хэмжээ болжээ.
БНХАУ-ын Засгийн газраас хэрэгжүүлж буй үйлдвэрлэлийн салбарын нийлүүлэлт, хүчин чадлын илүүдлийг бууруулах өргөн хүрээний арга хэмжээний нөлөөгөөр сүүлийн саруудад тус улсын дотоодын нүүрс олборлолт буурсан үзүүлэлттэй байгаа юм. Ингэснээр БНХАУ-д эрчим хүчний нүүрсний үнэ сүүлийн найман сар орчмын дээд түвшинд хүрч өссөн бол коксжих нүүрсний фьючерс үнэ долоодугаар сараас хойш 30 гаруй хувиар өссөнийг “Reuters” мэдээлж байна. Энэ нь үнэ хямд, ойроос ирдэг Монголын нүүрсний эрэлт нэмэгдэхэд нөлөөлснийг “Wood Mackenzie”-ийн шинжээч онцолжээ. “Sxcoal”-ийн мэдээллээс харвал зах зээлийн эерэг хүлээлт Монголын нүүрсний үнэ гол боомтуудад үргэлжлэн өсөхөд түлхэц болж байна. Тухайлбал: аравдугаар сарын 17-ны өдрийн байдлаар Монголын 5# ангиллын коксжих нүүрсний үнэ Ганцмод боомтод тонн нь 1070 юань хүрсэн нь БНХАУ-ын Үндэсний баярын өмнөх үеийн түвшнээс 44 юаниар өссөн үзүүлэлт юм. Хилээр нэвтрэх нүүрс тээврийн автомашины тоо их байгаа нь боомтууд дэх нүүрсний агуулахын нөөц нэмэгдэхэд мөн нөлөөлжээ. Аравдугаар сарын 19-ний өдрийн байдлаар Ганцмод боомтын агуулахуудад 2.24 сая тонн нүүрс хуримтлагдаж, өмнөх долоо хоногоосоо 7.4 хувиар өсөөд буйг “Sxcoal” мэдээллээ. Нүүрсний фьючерс ханш үргэлжлэн сэргэж, БНХАУ-ын дотоодын зах зээлийн хүлээлт сайжирч байгаа тул ойрын хугацаандаа Монгол Улсаас БНХАУ-ын импортлох коксжих нүүрсний зах зээл тогтвортой сайн байх төлөвтэй гэж “Sxcoal”-ийн шинжээчид үзэж байна.
Өрсөлдөгчид яаж байна?
Оны эхний есөн сарын хугацаанд Монгол Улсаас БНХАУ-д экспортолсон нүүрсний биет хэмжээ 62 сая тонн хүрч, өмнөх оны мөн үеэс хоёр хувиар өсөөд байна.
БНХАУ-д нийлүүлэх нүүрсний хэмжээгээр тэргүүлэгч Индонез улс арилжаалагчдын шүүмжлэлтэй тулгарсан жишиг үнийн журмаа цуцалснаар экспорт нь хурдацтай сэргэж, сарын дүнгээр сүүлийн есөн сарын дээд түвшинд хүрчээ. Хэдий тийм боловч он гарснаас хойших нийт дүнгээр тус улсын экспорт өмнөх оны мөн үеэс 13 хувиар доогуур байна. Харин коксжих нүүрс түлхүү нийлүүлдэг Австрали улсын хувьд есдүгээр сард БНХАУ-д 6.2 сая тонн нүүрс экспортолсон бол оны эхний есөн сарын байдлаар 55.1 сая тонныг экспортолсон нь өмнөх оны мөн үеэс 10 хувиар өссөн үзүүлэлт боллоо.





































