
Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд Дотоод хэргийн их сургуулийн сургуулийн хамт олон намрын “Бүх нийтийн мод тарих өдөр”-ийг тохиолдуулан 10 дугаар сарын 25-ны өдөр Гүнжийн хоолой дахь сургалт, дадлагын төвд 5000 гаруй мод тарьж, усалгаа арчилгаа хийжээ. Мөн энэ үеэр өмнөх жилүүдэд тарьсан моддыг бордож, намрын цэнэг усалгааг хийсэн юм.
ДХИС-ийн Захиргааны зөвлөлийн гишүүд, 450 гаруй сонсогчид Их сургуулийн бие бүрэлдэхүүн Онцгой байдлын сургуулийн Эдийн засаг нөөц, ар талын тэнхимийн ахлах багш, доктор, агрономич ахлах дэслэгч М.Бадамзаяагийн удирдлага дор мэргэжил, арга зүйн зөвлөгөө авч ажилласан байна. Энэ удаа хайлаас, үхрийн нүд, голт бор, агч зэрэг гоёлын болон жимсний мод тарилаа.
Мод тарих нь дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөллийг бууруулах, ой, усны нөөцийг хамгаалж нэмэгдүүлэх, экологийн тэнцвэрт байдлыг хангахад чухал ач холбогдолтой. Тиймээс “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд иргэд, төрийн болон төрийн бус байгууллагуудыг идэвх санаачилгатай оролцож, эх байгалиа хайрлан хамгаалах, мод тарьж ургуулах үйлсэд бодит хувь нэмрээ оруулахыг Дотоод хэргийн их сургуулийн эрдмийн хамт олон уриалж байна.

Их сургуулийн захирал, доктор, профессор, цагдаагийн хурандаа О.Зоригт энэ үеэр “Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд нэгдэж, ээлжит тарьсан модоо арчлах, шинээр тарьж ургуулах үйл ажиллагаанд оролцсон Захиргааны зөвлөлийн гишүүд, сонсогч, суралцагчид та бүхэндээ баяр хүргэе. Та бидний хамтдаа тарьсан мод, бут бүхэн цэцэглэж, үр жимсээ өгч, ирээдүйд ногоон төгөл болно гэдэгт итгэлтэй байна” гэж онцолсон юм.
ДХИС нь Гүнжийн хоолой дахь Сургалт, дадлагын төвийг ойжуулах ландшафтын зураг, төлөвлөгөөг боловсруулан мод тарих аяныг жил бүрийн намар, хаврын улиралд зохион байгуулдаг.
Одоогийн байдлаар Их сургуулийн байрлалд болон Гүнжийн хоолой дахь сургалт, дадлагын төвд тарьсан моднууд хөрсөндөө дасан зохицож, хэвийн ургаж байна.






































