
Хөдөө орон нутгийн иргэдээс УОК-т шатахуун тасалдсантай холбоотойгоор гомдол, ирж буйтай холбогдуулан өнөөдөр Улсын онцгой комиссын шуурхай штабын хуралдаан боллоо.
Хуралдаанд Улсын онцгой комисс, Онцгой байдлын ерөнхий газар, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Эрүүл мэндийн яам болон нийслэлийн холбогдох байгууллагуудын төлөөлөл оролцож, өвөлжилтийн бэлтгэл, шатахуун, эрүүл мэнд, түлш, эрчим хүчний аюулгүй байдал, цаг үеийн нөхцөл байдал, тулгамдаж буй асуудлуудыг хэлэлцэж тодорхой үүрэг чиглэл өглөө.
Өнөөдрийн байдлаар баруун бүсэд 14.6 сая, хангайн бүсэд 14.4 сая, хойд бүсэд 8.2 сая, төвийн бүсэд 6.0 сая, говийн бүсэд 12.5 сая, зүүн бүсэд 8.7 сая мал өвөлжиж, хаваржихаар байна. Улсын тусгай хамгаалалттай болон хилийн зурвас газарт 7.7 мянган малчин өрхийн 3.2 мянган толгой мал өвөлжих урьдчилсан судалгаа гарчээ.

Дулааны цахилгаан станцуудын үндсэн тоноглол болох 69 зуухнаас 48 нь ажиллаж, 13 нь бэлтгэлд, 8 нь засварт байна. 10 дугаар сарын 24-ний байдлаар станцууд дунджаар 13 хоногийн буюу 663.6 мянган тонн нүүрсний нөөц, 3,405 тонн мазутын нөөцтэй байна.
Нийслэлд шахмал түлшийг 24 тээврийн компани зүүн үйлдвэрийн агуулахуудаас борлуулалтын цэгүүд рүү тээвэрлэлт хийж байгаа бөгөөд 10 дугаар сарын 24-ний байдлаар 397 борлуулалтын цэг ажиллаж, 8.5 мянган тонн мидлинг, 6.3 мянган тонн хагас коксжсон шахмал түлшний нөөц бүрдүүлсэн байна.
Хуралдааны үеэр УОК-ын дарга, Шадар сайд С.Амарсайхан “Улсын онцгой комиссоос өнгөрсөн 6-8 дугаар сараас эхлэн холбогдох байгууллагуудад өвөлжилтийн бэлтгэл ажлыг сайтар хангах, шатахуун, бензин, өвс, тэжээлийн нөөц бүрдүүлж хангалтыг тогтмол хянах үүрэг чиглэл өгч, зарим аймагт газар дээр нь очиж ажилласан. Гэвч биднээс үл шалтгаалсан хүндрэл бэрхшээл гарсан тул төр, хувийн хэвшил, орон нутгийн захиргаа уялдаа холбоотой ажиллаж, хүндрэл бэрхшээлийг даван туулах шаардлагатай байна. Дулааны цахилгаан станцуудыг хэвийн ажиллуулах, сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрүүдийг тасралтгүй ажиллагаатай байлгах нь өвлийг хүндрэл багатай даван туулах үндсэн нөхцөл юм. Төвийн бүсийн цахилгааны хэрэглээ өвлийн оргил үед 1,800 МВТ хүрэхээр тооцоологдсон тул өндөр эрсдэл үүсэж болзошгүй. Энэ нөхцөлд холбогдох байгууллагуудыг шат дараатай төлөвлөгөө боловсруулж ажиллана” гэдгийг онцоллоо. Мөн баруун бүсийн аймгуудад өвөлжилт хүндрэх төлөвтэй байгаа тул отор нүүдэл хийж буй малчдын нөхцөл байдлыг онцгойлон хянаж, мал сүргийн аюулгүй байдлыг хангах нөхцөлийг бүрдүүлэх үүрэг өглөө.

Өнөөдрийн байдлаар 1.1 сая орчим толгой мал отрын бүсэд байгаа аж. Энэ тоо цаашид өсөх хандлагатай тул малчдын хүнс, тэжээл, шатахууны хангалтыг тасалдуулахгүй байлгах, зам даваа хаагдсан үед шуурхай тусламж хүргэх, Онцгой байдлын байгууллага, эрүүл мэнд, цагдаа гэх мэт төрийн үйлчилгээг цаг алдалгүй хүргэх, аймаг, сумын онцгой комиссыг нэгдсэн зохион байгуулалтад оруулж 24 цаг ажиллуулахыг үүрэг болголоо. Түүнчлэн нийслэл, аймаг, орон нутгийн ШТС-ын мэдээллийг олон нийтэд тогтмол нээлттэй хүргэж, шатахуун хаана тасарсан, хаана олгож байгааг нэг урсгалаар тогтмол мэдээлэхийг Шадар сайд С.Амарсайхан онцоллоо. Цаашид шатахууны хомсдол ойрын хугацаанд шийдэгдэх хэдий ч өвсний тээвэр болон улс хоорондын ачаа тээврийн үнэ өсөж импортын бараа, өвс тэжээлийн зохиомол үнийн хөөргөдөл үүсэх эрсдэлтэй байгаа тул онцгойлон анхаарахыг санууллаа.





































