
“Виз гаргаж өгнө”, “Валют солино", "Барилгын материал зарна", “Зурхайч, үзмэрч хийнэ” гэж бусдыг залилж байсан 37 настай, эмэгтэй “С”-ыг цагдаагийн алба хаагчид энэ сарын 28-нд Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрээс олж тогтоожээ.
Уг этгээд нь 2020 оноос хойш залилах гэмт хэрэг үйлдэж, иргэдэд 800 гаруй сая төгрөгийн хохирол учруулсан байна.
Сэжигтэй этгээдийг 48 цаг саатуулж, оргон зайлах хугацаанд ашиглаж байсан арилжааны банкны данснууд, ухаалаг төхөөрөмж, орогнож байсан байр, орон сууцанд нэгжлэг, үзлэг хийж, бусад үйлдэл холбогдлуудыг нарийвчлан тогтоохоор шалгалтын ажиллагааг үргэлжлүүлэн явуулж байгаа аж.





































