
Нийслэлд өнөөдрийн байдлаар 397 цэгт шахмал түлш борлуулж байна. Түлшний борлуулалт, нийлүүлэлт, нөөцийн талаар нийслэлийн Агаар, орчны бохирдолтой тэмцэх газрын дарга Д.Мөнхбаатараас тодрууллаа.
Нийслэлийн Агаар, орчны бохирдолтой тэмцэх газрын дарга Д.Мөнхбаатар “Өнөөдрийн байдлаар түлш борлуулах 397 цэгээр сайжруулсан шахмал түлш болон хагас коксон түлш худалдаж байна. Бид өнгөрсөн долоо хоногийн дундаас цэгүүдэд борлуулагдах түлшний хэмжээг хоёр дахин нэмэгдүүлсэн. Түлшний хомсдолыг бүрэн шийдсэн. Өчигдөр хотын даргын өгсөн үүргийн дагуу 150 мкв-аас дээш хэмжээтэй байшин сууцтай айл өрхүүдэд түлшний хэмжээг нэмж олгож байна. Том метр кв бүхий сууцанд амьдардаг өрхүүд хорооны Засаг даргаасаа тодорхойлолт авч, үл хөдлөхийн гэрчилгээнийхээ хамт “Тавантолгой түлш” ХХК-д мэдэгдэх ёстой. “Хотула” аппликейшнд 236 мянган хэрэглэгч бүртгүүлсэн. Хүн амын судалгаанд үндэслэн давхардлыг арилгаж, 142 мянган өрх түлшээ асуудалгүй авч байна. Түр оршин сууж байгаа иргэд хорооны Засаг даргаас тодорхойлолт авч, “Тавантолгой түлш” ХХК-ийн чат болон, 7011-9400 утсаар холбогдон эрхээ нээлгэх боломжтой. Мөн “Хотула” апп ашиглан эрхээ нээлгэж болно. Хүсэлтийг хоёр цагийн дотор шийдвэрлэж байна” гэлээ.





































