
Үндэсний аудитын газраас Төрийн хэмнэлтийн тухай хуулийн хэрэгжилт үр дүнд хяналт, шалгалт хийжээ.
Тухайлбал, Ховд аймагт хийсэн шалгалтаар зөрчлийн тоо буурч байгаа хэдий ч Төрийн хэмнэлтийн тухай хууль бүрэн хэрэгжихгүй байна гэдэг дүгнэлт гарчээ.
Ховд аймаг дахь Төрийн аудитын байгууллагаас 2023 болон 2024 онд хийгдсэн санхүүгийн тайлангийн аудитаар Төрийн хэмнэлтийн тухай хуулийн хүрээнд гарсан зөрчил нь өмнөх оноос 658 сая төгрөгөөр өссөн байна.
Аймгийн ЗДТГ нь:
- 2024 онд Аймгийн ЗДТГ-ын сонгуулийн шинж чанартай сэтгүүл болон сонин захиалсан, худалдан авах ажиллагаа зарлахгүйгээр задалж худалдан авалт хийсэнтэй холбоотой 147.8 сая төгрөгийг хууль хяналтын байгууллагад шилжүүлэн шалгуулахаар шилжүүлжээ.
- 2024 онд төрийн албан хаагчдыг гадаад улсад 115.5 сая төгрөгөөр аялуулсан.
- 2024 оны орон нутгийн сонгуулийн үр дүнгээр аймгийн удирдлага солигдож Засаг дарга нь 2 орлогч даргатай ажилласан тул олгосон цалинг буцаан төлүүлэх төлбөрийн акт бичигджээ.
2024 оны санхүүгийн тайлангийн аудитаар 621.5 сая төгрөгийн 54 зөрчил илэрч, урамшууллыг зөрүүтэй олгосонтой холбоотой 115.5 сая төгрөгийн 25 төлбөрийн акт тогтоож, 199.1 сая төгрөгийн 5 албан шаардлага хүргүүлж, 306.9 сая төгрөгийн 24 зөвлөмжийг хүргүүлжээ.
Урамшуулалтай холбоотой зөрчил 2024 онд өсөх болсон шалтгаан нь аймгийн ЗДТГ-ын даргын захирамжаар төсвийн шууд захирагчид байгууллагынхаа ажилтан, албан хаагчдад хуульд заагаагүй мөнгөн урамшуулал олгосон нь голлох нөлөө үзүүлсэн байна.
Аймгийн ИТХ нь:
- 2023 онд байгууллагын үйл ажиллагаанд хамааралгүй төлөөлөгч нар гадаад улсад туршлага судлахаар 80 сая төгрөгөөр явсан зөрчил илэрсэн.
- 2024 онд өмнөх онд өгөгдсөн зөвлөмжийг хэрэгжүүлээгүй дахин төлөөлөгч нарыг гадаад улсад туршлага судлуулахаар 231 сая төгрөгийг зарцуулсантай холбоотойгоор албан шаардлага бичигджээ.
- Мөн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх арга хэмжээний зардлыг хууль тогтоомжийг зөрчин 101 сая төгрөгийг зарцуулсан зөрчилд зөвлөмж өгөгдсөн байна.
Аймгийн хэмжээнд худалдан авахтай холбоотой 2024 оны жилийн эцсийн санхүүгийн тайлангийн аудитаар хөрөнгө оруулалтын төсөл арга хэмжээний хязгаарлалтай холбоотой 730.3 сая төгрөгийн 13 зөрчил илэрснээс 103.7 сая төгрөгийн 3 албан шаардлага бичигдэж 626.6 сая төгрөгийн 10 зөвлөмж өгчээ.
Түүнчлэн тус аймгийн хувьд Төрийн хэмнэлтийн тухай хууль зөрчин 131 сая төгрөгөөр хөшөө, дурсгал, угтах үдэх хаалга хийх болон засварлахад зарцуулсан байжээ.
Тодруулбал, Ховд аймгийн засаг дарга М.Амарсанаад ОНХС-гийн хуулиар хориглосон төсөл арга хэмжээг санхүүжүүлдэг байдлыг таслан зогсоох, Төрийн хэмнэлтийн тухай хуулийн хэрэгжилтэд тавих хяналтыг үр дүнтэй зохион байгуулах, мөн аймгийн ИТХ-ын дарга З.Эрхэмбаярт орон нутгийн өмчит аж ахуйн нэгжүүдийн гүйцэтгэх удирдлага болон ажилтнуудын цалингийн жишиг нормыг тогтоон ажиллах, Шилэн дансны тухай хуульд заасан хяналтыг бүрэн хэрэгжүүлэн ажиллах шаардлага хүргүүлжээ.
Ташрамд дурдахад, 2025 оны хоёрдугаар сард Ховд аймгийн Засаг дарга 600 сая төгрөгөөр хоёр жийп 2025 оны Nissan Patrol Y63 Titanium маркийн машин худалдан авсан нь олны шүүмжлэлийг дагуулж буй.





































