
Өнгөрсөн есдүгээр сард "Говь" хувьцаат компани ТУЗ-ийн шийдвэрээр компанийн хэлбэрээ өөрчилж, Хязгаарлагдмал Хариуцлагатай Компани /ХХК/ болох хүсэлтээ Санхүүгийн зохицуулах хороонд гаргасан.
Харин Санхүүгийн Зохицуулах Хорооноос Говь ХК-ийн хэлбэрээ өөрчилж, хязгаарлагдмал хариуцлагатай компани болох ажиллагааг зогсоосноо мэдэгдлээ. Учир нь тус компанид хийсэн шалгалтаар хэд хэдэн ноцтой зөрчлийг илэрчээ.
Тодруулбал, тус компанийн зөрчил болон жижиг хувьцаа эзэмшигчдийн эрх ашигт учирч болзошгүй эрсдэлийг харгалзан уг шийдвэрийг гаргажээ.
Үүнд: 2019 оны 5 дугаар сард “Говь” ХК-ийн ТУЗ-ийн шийдвэрүүдээр 15.0 сая ам.доллараар "Гоёо" ХХК-ийг "Таван Богд Холдингс" ХХК-аас худалдан авч, 101.5 тэрбум төгрөгийн зээлийг нь шилжүүлэн авахаар шийдвэрлэсэн бөгөөд 2019-2024 оны хооронд уг хэлцэлтэй холбоотой зээл, хувьцааны төлбөрт 161.7 тэрбум төгрөгийн төлбөрийг төлж барагдуулжээ.
Ингэхдээ компани шаардлагатай судалгаа тооцоолол, хөндлөнгийн хөрөнгийн үнэлгээ хийлгээгүй, ТУЗ-ийн дэргэдэх аудитын хорооны дүгнэлтгүйгээр хэлцэл хийснээс гадна Гоёо ХХК-ийг нэгтгэх шийдвэр гаргаагүй байхдаа эрх зүйн болон бодит үндэслэлгүйгээр компанийн өрийг шилжүүлэн авч төлсөн нь хууль зөрчсөн гэж үзжээ.
Эдгээр үйлдлээс шалтгаалан компанийн өрийн ачаалал болон санхүүжилтийн зардал өсөж, 6 жилийн турш ашиггүй ажиллахад хүргэснээр хувьцаа эзэмшигчдэдээ ногдол ашиг олгох боломжгүй нөхцөл үүссэн гэж дүгнэжээ.
Товчхондоо, "Гоёо"-г албан ёсоор нэгтгээгүй байж Говь ХК-аас өр төлбөрийг нь барагдуулж, 25,000 гаруй хувьцаа эзэмшигчийг хохироосон байжээ.
Тухайлбал,
- Монголын хөрөнгийн бирж дээр “Говь” ХК-ийн 2025.10.24-ний өдрийн байдлаарх зах зээлийн үнэлгээ 178.2 тэрбум төгрөг байгаа бол тус компанийн 2025 оны II улирлын санхүүгийн тайлангаар 388.7 тэрбум төгрөгийн өр төлбөртэй байна.
Өр төлбөрийн хүрээнд 2019 оноос хойш ноос, ноолуурын түүхий эд бэлтгэх, тэдгээртэй холбоотой бусад эргэлтийн хөрөнгийн зориулалт бүхий төсөл, хөтөлбөрийн хөнгөлөлтэй нөхцөлөөр нийт 228.3 тэрбум төгрөгийн зээл авснаас 31.8 хувь буюу 72.7 тэрбум төгрөгийг зориулалтын дагуу зарцуулсан бол бусад зээлийн төлбөрийн зарцуулалт тодорхойгүй байна.
Иймд хяналт шалгалтаар илэрсэн зөрчил, дутагдлыг арилгах, компанид учруулсан хохирлыг буруутай этгээдээр нөхөн төлүүлэх, компанийн өөрийн хөрөнгийг нэмэгдүүлэх, үйл ажиллагаа, санхүүгийн нөхцөл байдлыг сайжруулсны дараа хувьцааны бодит үнэлгээг хөндлөнгийн үнэлгээний байгууллагаар дахин хийлгүүлэх зэрэг үүрэг даалгаврыг “Говь” ХК-д хүргүүлжээ.
Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хууль, Үнэт цаасны зах зээлийн тухай хуулиар олгогдсон чиг үүрэг, бүрэн эрхийн хүрээнд хөрөнгө оруулагч, үйлчлүүлэгчдийн эрх ашгийг хамгаалах шаардлагын дагуу эдгээр асуудлыг шийдвэрлэх хүртэлх хугацаанд буюу “Говь” ХК-ийн 10.3 хувийн хувьцааг эзэмшиж буй 25,000 гаруй жижиг хувьцаа эзэмшигчийн эрх ашиг хамгаалагдах хүртэл тус компанийн хэлбэрээ өөрчлөх ажиллагааг зогсоосон байна.





































