
Прокурорын байгууллага 2025 оны 11 дүгээр сарын 03-ны өдрөөс 07-ны өдрийг дуусталх хугацаанд хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын 52937 эрүүгийн хэрэгт хяналт тавин ажиллажээ.
Дээрх хугацаанд 1490 гэмт хэргийн шинжтэй гомдол, мэдээлэл бүртгэгдсэн бол хэрэг бүртгэлтийн 749 хэрэг шинээр нээж, 288 хэрэгт прокурор яллах дүгнэлт үйлдсэн байна.
Тухайлбал, Л.А нь нийтийн албан тушаалтнаар ажиллаж байхдаа “Зорилтот бүлгийн иргэдийг түрээсийн орон сууцанд хамруулах журам”, “Түрээсийн болон түр суурьшуулах орон сууцанд иргэдийг хамруулах түр журам”-ыг зөрчиж, компанийн эзэмшлийн 2 байрыг дур мэдэн бусдад түрээслүүлж, түрээсийн болон ашиглалтын төлбөрийг хувьдаа авч, өөртөө эдийн засгийн давуу байдал бий болгосон хэрэгт яллах дүгнэлт үйлдэж Дүүргийн Эрүү, Иргэний хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхэд шилжүүлжээ.
Уг хэрэгт Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1 /Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/-д зааснаар яллах дүгнэлт үйлджээ.





































