
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан 10:00 цагаас эхлэх товтой. Хуралдаанаар 2025 оны 10-р сарын 30-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүлсэн "Монгол Улсыг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл батлах тухай" УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэх эсэхийг хэлэлцэхээр товложээ.
Тогтоолын төсөлд, “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого, “Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр”-тэй уялдуулан боловсруулсан “Монгол Улсыг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл”-ийн төсөл нь “Хүний хөгжил”, “Нийгмийн хөгжил ба үндэсний нэгдмэл үнэт зүйл”, “Эдийн засаг ба дэд бүтцийн хөгжил”, “Байгаль орчин, ногоон эдийн засаг”, “Засаглал, дижитал шилжилт”, “Бүсийн хөгжил”, “Үндэсний өрсөлдөх чадвар”, “Шинжлэх ухаан, технологи, хиймэл оюун” гэсэн бодлогын 8 чиглэлээс бүрдэх бөгөөд энэ хүрээнд үндэсний 10, салбарын 35, төсвийн ерөнхийлөн захирагчийн 85, хөтөлбөрийн 200 үр дүнг тус тус тодорхойлжээ.
Дээрх бодлогын 8 чиглэлийн хүрээнд үндэсний 10 үр дүнг дараах байдлаар тусгалаа. Үүнд:
- Боловсрол, эрүүл мэндийн салбарт хийх шинэчлэлийн хүрээнд чанартай, хүртээмжтэй үйлчилгээг иргэн бүрд тэгш хүргэж, хөдөлмөрийн зах зээлийн эрэлтэд нийцсэн хүний нөөцийг бэлтгэн, хүний хөгжлийн үзүүлэлтийг 0.813 оноонд хүргэх;
- Хөдөлмөрийн харилцаа, цалин хөлс, нийгмийн даатгалын уялдаа холбоог сайжруулж, хөдөлмөр эрхлэлтийн түвшнийг нэмэгдүүлэх бодлогыг хэрэгжүүлж, ажлын байран дахь осол гэмтэл, хөдөлмөрлөх эрхийн зөрчил, маргааныг бууруулах замаар зохистой хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлж, дундаж давхаргын эзлэх хувийг 20 хувиар нэмэгдүүлэх;
- Иргэдийн оролцоо, соён гэгээрэл, хамтын хариуцлагыг нэмэгдүүлж, тэгш боломжийг ханган, эх хэл, түүх, өв соёлоо дээдэлсэн үндэсний соёлын дархлааг бэхжүүлэн, эв нэгдлийг бататган үндэсний нэгдмэл үнэт зүйлсийн үзүүлэлтийг 55 хувьд хүргэх;
- Эрүүл, аюулгүй амьдрах орчин, хүртээмжтэй орон сууц, чанартай нийгмийн хамгааллын үйлчилгээгээр амьдралын чанарыг дээшлүүлж, гэр бүлийн эрүүл тогтвортой байдлыг бэхжүүлж, хүний эрхийн баталгааг ханган, хүүхдийн хөгжил хамгааллыг шинэ шатанд гаргаж, нийгмийн сайн сайхан байдлын үзүүлэлтийг 20 хувиар өсгөх;
- Боловсруулах салбарын боловсруулалтын түвшнийг дээшлүүлж, бүтээмж, төрөлжилтийг нэмэгдүүлснээр эдийн засгийн тогтвортой өсөлтийг 6 хувиас дээш түвшинд тогтвортой хадгалах;
- Анхдагч экосистемийн тэнцвэрийг хангаж, уур амьсгалын өөрчлөлтийг сааруулж, байгалийн нөөц баялгийн нөхөн сэргээлт, зохистой ашиглалтыг дэмжин, байгаль орчинд ээлтэй дэвшилтэт технологи нэвтрүүлж, үйлдвэрлэл, хэрэглээнээс үүсэх бохирдол, хаягдлыг бууруулж, орчны чанар стандартыг сайжруулж байгаль орчны гүйцэтгэлийн үзүүлэлтийг 59.0 оноонд хүргэх;
- Авлигыг бууруулж, иргэдийн шүүхэд итгэх итгэл, шударга ёсны тогтолцоог бэхжүүлж, ил тод байдал, хариуцлагыг нэмэгдүүлж, батлан хамгаалах, үндэсний сөрөн тэсвэрлэх чадавхыг сайжруулж, “Цахимаар түрүүнд” зарчмыг хэрэгжүүлж, иргэн төвтэй үйлчилгээг бүрдүүлж зөв засаглалын үзүүлэлтээр эхний 90 орны нэг болох;
- Бүс, орон нутгийн хөгжлийн ялгааг багасгаж, эдийн засгийн хувьд төрөлжүүлж, хүн амын шилжилт хөдөлгөөнийг тэнцвэржүүлэх замаар орон нутгийн хөгжлийн үзүүлэлтийг 20 хувиар нэмэгдүүлэх;
- Бизнес эрхлэх орчныг сайжруулж, зах зээл дэх төрийн оролцоог багасгах, шударга өрсөлдөөнийг дэмжих, бизнес эрхлэгч, хөрөнгө оруулагчийн эрх ашгийг хамгаалах, татварын болон гаалийн шинэчлэлийг гүнзгийрүүлж, Монгол Улсын өрсөлдөх чадварын үзүүлэлтээр 50 орны нэг болгох;
- Монгол Улсын хөгжилд оруулах шинжлэх ухаан, технологи, инновацын хувь нэмрийг дээшлүүлж, төр, хувийн хэвшил, судалгааны байгууллагын хамтын ажиллагааг өргөжүүлж, судалгааны үр дүн, оюуны өмч, шинэ технологийг үйлдвэрлэл, үйлчилгээнд нэвтрүүлэх боломжийг нээж Дэлхийн мэдлэгийн индексийг 52.4 оноонд хүргэх зэрэг юм.





































