
Дотоодын цэргийн байгууллагад шинээр болон шилжин томилогдсон офицер, ахлагч бүрэлдэхүүнээр эх орондоо үнэнчийн баталгаа болсон “Цэргийн тангараг" өргүүлэх ёслолын арга хэмжээ өнөөдөр (2025.11.12) Дотоодын цэргийн 805 дугаар ангийн байрлалд ёслол төгөлдөр боллоо.
Тангараг өргөх ёслолын арга хэмжээнд Дотоодын цэргийн байгууллагын дайчин уламжлал, алдар гавьяаны илэрхийлэл бөгөөд бие бүрэлдэхүүний эрхэмлэн дээдлэх ариун шүтээн, золбоо хийморийн бэлгэдэл болсон Сүхбаатарын болон Байлдааны гавьяаны улаан тугийн одонт Дотоодын цэргийн Байлдааны тугийг хүндэтгэн залж, цэргийн тангараг өргөх ёслолын ажиллагаа зохион байгуулагдлаа.
Арга хэмжээнд Дотоодын цэргийн штабын дарга, бригадын генерал Р.Чингис болон штабын даргын зөвлөлийн гишүүд, алба хаагчдын төлөөлөл оролцлоо.

Дотоодын цэргийн штабын дарга, бригадын генерал Р.Чингис тангараг өргөсөн нийт бие бүрэлдэхүүнд баяр хүргэж, хэлсэн үгэндээ “Дотоодын цэргийн алба хаагч гэж Цэргийн тангараг өргөж, цэргийн цолтой, дотоодын цэргийн анги, байгууллагад ажиллаж байгаа цэргийн жинхэнэ алба хаагчийг ойлгоно гэж хуульчилсан.
Цэргийн тангарагд Та бүхэн Монгол Улсынхаа хууль, цэргийн дүрмийг сахин биелүүлэх, халдашгүй дархан байдлыг батлан хамгаалах ариун үүрэг байгаа бөгөөд тангаргийн үг, өгүүлбэр бүрд асар их үнэ, цэнэ агуулагддаг болохыг ямагт санаж явах хэрэгтэй.
Та бүхнийг өргөсөн тангарагтаа үнэнчээр зүтгэн, Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлыг хангах үндсэн чиг үүргээ хуульд заасан бүрэн эрхийн хүрээнд хэрэгжүүлэхийн төлөө мэргэжлийн өндөр ур чадвар гарган хичээнгүйлэн ажиллана гэдэгт итгэл төгс байна.” хэмээн тодотголоо.
Цэргийн тангараг өргөсөн нийт офицер, ахлагч нартаа баяр хүргэж, ажлын амжилт хүсье!
МОНГОЛ ТӨРИЙН ДОТООДЫН ЦЭРГИЙН ЦОГ ЖАВХАА, СҮЛД ХИЙМОРЬ МӨНХӨД МАНДАН БАДРАХ БОЛТУГАЙ!









































