
Дэлхийн мэс заслын хамгийн өндөр технологид тооцогдох Эрхтэн шилжүүлэн суулгах мэс заслыг Улсын Нэгдүгээр төв эмнэлгийн хамт олон амжилттай нутагшуулж, бөөр шилжүүлэн суулгах 400 гаруй мэс заслыг амжилттай хийгээд байна.

Энэ талаар УНТЭ-ийн Ерөнхий захирал Л.Бямбасүрэн онцлохдоо "Улсын Нэгдүгээр Төв эмнэлэгт "БӨӨР ШИЛЖҮҮЛЭН СУУЛГАХ" 400 гаруй мэс заслыг амжилттай хийгээд байна. Эртхэн шилжүүлэн суулгана гэдэг нь мэс заслын болон бусад өвчлөлүүд дотроо хамгийн их ур чадвар шаардсан технологи. Эрхтэн шилжүүлэн суулгах мэс заслын цаана эрчимт эмчилгээ, мэдээгүйжүүлэг, лаборатори, дүрс оношилгоо гээд маш олон салбарын эмч нар илүү их ажиллах шаардлага үүсч, төдий чинээ багийн эмч ажилчдын мэдлэг, чадвар дээшилж, салбарын хөгжил мэдэгдэхүйц дээшилдэг. Бөөр шилжүүлэн суулгах мэс заслаас улбаалан бид элэг шилжүүлэн суулгах, цусны үүдэл эс, ясны чөмөг шилжүүлэн суулгах, нүдний эвэрлэг шилжүүлэн суулгах гэх мэт маш олон ажилбар, мэс заслыг амжилттай хийж байна.

Монголын Эрхтэн шилжүүлэн суулгах холбооны тэргүүн, Урологи-Андрологийн төвийн зөвлөх, Төрийн хошой соёрхолт, Ардын эмч, АУ-ны доктор, профессор Д.Нямсүрэн:
2006 онд баг бүрдүүлж, тухайн үедээ миний бие ахалж ажиллаж байлаа. Сэтгэл зүтгэл, дуу хоолой нийлж ажиллаж, залуу халаагаа бэлдэж ажилласны хүчинд өнөөдөр 400 гаруй бөөр шилжүүлэн суулгах мэс засыг амжилттай хийжээ.
Эрхтэн шилжүүлэн суулгах болон бөөр шилжүүлэн суулгах мэс заслыг өнөөдрийн өндөрлөгт хүргэхэд манай эмнэлгийн үе үеийн удирдлагууд болон ЭМЯ хамтран ажилласны үндсэнд бидний ажил хөгжиж дэвшиж, өнөөдрийн өндөр технологиуд нэвтэрч, молекул биологийн лаборатори, дархлаа дарангуйлах иммуналоги нэвтэрч, эмч нар мэргэшиж, эрсдэл, хүндрэл тун багатайгаар өнөөдрийн өндөрлөгт хүрлээ. Донорын мэс заслыг бид дурангийн мэс заслаар хийж, донорт эрсдэл хүндрэл бага, хамгийн бага хүрцээр хамгийн бага зовиур шаналгаатайгаар авч байгаа нь бидний өндөр технологийн нэг дэвшил гэж харж байна.
Анх Бөөр шилжүүлэн суулгах мэс заслыг нэвтрүүлснээс хойш бид өөрсдийн хойч үеэ бэлдэж чадсандаа сэтгэл өег явдаг. Бөөр шилжүүлэн суулгах мэс заслын дөрөв дэх үе бэлтгэгдэж, мэс засал хийж байна.

УНТЭ-ийн Бөөр шилжүүлэн суулгах багийн ахлагч, Урологи-Андрологийн төвийн эмч М.Эрдэнэсайхан:
Манай багийн тавьсан том зорилтын нэг нь зөвхөн өөрийн эмнэлэгтээ бөөр шилжүүлэн суулгаад зогсохгүй бусад эмнэлгүүдтэй хамтран ажиллах ажлыг эхлүүлээд байна. Өнөөдрийн байдлаар ЭХЭМҮТ, Цэргийн төв эмнэлэгт бөөр шилжүүлэн суулгах багийг бүрдүүлж, сургалт, арга зүйгээр хангах, мэс засал хийх ажлыг эхлүүлээд байна. Ингэснээр төвлөрөл буурахаас гадна бусад орны иргэдэд бөөр шилжүүлэн суулгах мэс заслыг хийх үндэс тавигдаж, эрүүл мэндийн салбарт тодорхой хэмжээний хөрөнгө оруулалт татна гэж харж байна.
Бид дэлхийн технологитой эн зэрэгцэж, цусны бүлэг ондоо донороос бөөр шилжүүлэн суулгах, бөөр шилжүүлэн суулгасны дараа бөөр ховхорсон ч юм уу ондоошсон бөөрний үйл ажиллагааг дахин засаж үйл ажиллагаанд оруулах, хүүхдээс бөөр шилжүүлэн суулгах гэх мэт шинэ технологиудыг нэвтрүүлж ажиллаж байна. Амьд донороос бөөр шилжүүлэн суулгах мэс засал хүлээгдэл багатай болсон.

Урологи Андрологийн төвийн дарга АУ- ны доктор Д.Баян-Өндөр:
Өнөөдөр БНСУ-д бөөр шилжүүлэн суулгах мэс засалд ороход 70,000 доллар төлөх шаардлагатай. Тэгвэл бид эх орондоо 400 гаруй иргэнд энэ төрлийн мэс заслыг хийж, амь насыг нь авраад тогтохгүй, 400 гэр булийг энх амгалан амьдруулахад тусалжээ.
800 мэс заслыг бид 400 хоногт хийсэн гэсэн үг. Ойролцоогоор нэг мэс засалд найман цагийг зарцуулдаг бөгөөд 3200 цагийг бид энэ мэс заслыг хийхэд зориулсан. Бөөр шилжүүлэн суулгуулсан иргэн бөөрний дутагдлаас бүрэн гарч, гадны оронд зорчих, энгийн иргэн шиг амьдрах боломжтой болдог бол диализийн аппаратанд ордог иргэд аппарат хаана байна тэнд л амьдрах шаардлагатай болдог.
манай төвд гурван ор л байдаг. Энэ гурван орон дээр л бид мэс засал хийж байгаа учраас дараалал үүсч, чирэгдэлтэй байдал үүсдэг. Тэгвэл төвлөрлийг сааруулах үүднээс бусад эмнэлгүүдэд бөөр шилжүүлэн суулгах мэс заслыг нэвтрүүлэх ажилд хамтран ажиллаж байна.

МУ-ын төрийн шагналт, УНТЭ-ийн Эмнэлзүйн эмгэг судлалын нэгдсэн лабораторийн эмч Б.Оюунбилэг:
Элэг, бөөр шилжүүлэн суулгах, цусны үүдэл эс шилжүүлэн суулгах багийн үйл ажиллагаа тогтворжиж, зүрх, нойр булчирхай шилжүүлэн суулгах мэс заслын багууд үйл ажиллагаагаа эхлүүлээд явж байна. Энэ бүх хүний амьдралын чанарыг сайжруулахад хийгдэж байгаа эс болон эд, эрхтэн шилжүүлэн суулгах мэс заслын үндсэн суурь болсон бөөр шилжүүлэн суулгах багийн хамт олонд баяр хүргэе. Бидний хувьд бөөр шилжүүлэн суулгах мэс засалд өвчтөнийг бэлтгэх, мэс заслыг дараа хянах, дархлааг хянахад онцгой үүрэгтэй оролцдог.
2015 оноос хойш технологи нутагшиж, онлайнаар хянах ажил эхэлсэн. Өнөөдрийн байдлаар 10 орчим цусны бүлэг өөр эрхтэн шилжүүлэн суулгах мэс заслыг хянаж, эсрэг биетийг шүүх эмчилгээний заалтыг гаргахад онцгой үүрэгтэй оролцдог.

Эрхтэн шилжүүлэн суулгах төвийн эмч АУ-ы доктор Л.Од-Эрдэнэ:
Монгол Улсад бөөрний дутагдалд орох шалтгаан нэмэгдсэн. Сүүлийн үед жилд 200 орчим хүн энэ өвчнөөр шинээр оношлогдож байна. Бөөрний дутагдлын үед
- Хэвлийн диализ,
- Гемодиализ,
- Бөөр шилжүүлэн суулгах мэс засал гэсэн эмчилгээг хийдэг.
Өнөөдрийн байдлаар бөөр шилжүүлэн суулгах мэс засалд орсон 400 гаруй иргэдийн 95 орчим хувь нь амьд донороос эрхтэн шилжүүлэн суулгах эмчилгээг хийлгэсэн байна.
Технологи цаг ирэх тусам л хөгжиж байгаа учраас бид ч мөн цаг үетэйгээ хөл нийлүүлэн шинэ шинэ технологийг нэвтрүүлээд байна.


























































