
-FACTCHECK.mn сайтаас нягталсан мэдээллийг хүргэж байна-
“Эко хүүхдийн төлөө нэгдье” сэдвээр Нийгэмд үйлчилдэг төрийн бус байгууллагуудаас Даваа гараг(2025.11.17)-т мэдээлэл хийсэн бөгөөд вакцин тариулахгүй байхыг, тэр дундаа 11 настай хүүхдүүдийг Хүний папилломавирусийн эсрэг вакцин хийлгэхгүй байхыг уриалсан нь иргэдийг төөрөгдүүлэв.
Ж.Занаа: Вакцин гэдэг үгсийн цаана дандаа хорт бодис, химийн урвал явагддаг. Вакцин бол биологийн зэвсэг. Дэлхийн маш олон улс оронд энэ биологийн зэвсгээр сая сая хүний амийг хороож, сая сая хүнийг тахир дутуу болголоо. – ТӨӨРӨГДҮҮЛСЭН
Factcheck:
Вакцины найрлагад орсон бодисууд нь хүний биед ямар нэгэн гаж нөлөөгүй бөгөөд тухайн өвчний эсрэг үр дүнтэй, аюулгүй болохыг мэргэжлийн байгууллагууд олон жилийн судалгаагаар нотолсоор байна.
Монгол Улсад товлолоор хийхээр хамгийн сүүлд нэмэгдсэн Хүний папиллома вирусийн эсрэг вакцины найрлагын тухайд: Монгол Улсад ашиглаж байгаа, ХПВ-ийн эсрэг вакцин нь АНУ-ын Мэрк Шарп & Дом Корпорацын Нидерланд улс дахь үйлдвэрт үйлдвэрлэгдсэн. Гардасил (Gardasil™) вакцины нэг хүн тун нь дараах найрлагатай байна. Үүнд дөрвөн хэв шинжийн L1 уураг болон нэмэлтээр Хөнгөн цагаан 225 мкг, Натрийн хлорид 9.56 мг, L-гистидин 0.78 мг, Полисорбат-80 50мкг, Натрийн борат 35 мкг агуулагдаж байна. Харин антибиотек болон нөөшлөгч бодис агуулаагүй.
- Гардасил вакцинд L1 уургийн вирус төст мэдээллийг агуулдаг.
- Вакцины найрлага дахь хөнгөн цагаан нь дархлаа тогтоцыг нэмэгдүүлж, урт хугацаанд хамгаалах тогтвортой хариу урвал үүсгэдэг.
- Натрийн хлорид 9.56 мг, L-гистидин 0.78 мг нь дархлааг зохицуулах, антиоксидант, дархлааны Т эсийн Н2 рецепторыг идэвхжүүлдэг.
- Полисорбат 80 – 50 мкг нь вакцины хадгалах хүчинтэй хугацаанд вакцины найрлагад агуулагдах бусад бодисыг бэхжүүлдэг.
- Натрийн борат нь нян үржихээс сэргийлэх үйлчилгээтэй байна. Эдгээр бодис нь хүний биед ямар нэгэн гаж нөлөөгүй юм. Тухайлбал, вакцины найрлага дахь хөнгөн цагаан нь бидний өдөр тутмын хоол хүнс, бусад хэрэглээнээс авч байгаа хөнгөн цагааны хэмжээнээс хамаагүй бага байна.
- Вакцины найрлагад байгаа хүнд металл гэж нэрлэж байгаа орц нь мөнгөн ус. Гэвч энэ нь бидний төсөөлж байгаа мөнгөн уснаас огт өөр гэдгийг тайлбарлах хэрэгтэй. Зарим вакцины найрлагад багтдаг Тимеросал хэмээх нэгдэл нь мөнгөн усны агуулгатай бөгөөд аюултай бактери, мөөгөнцар үржихээс сэргийлэх үүрэгтэй.
- Мөнгөн ус бол дэлхийн царцдас, агаар, хөрс, усанд байдаг химийн элемент. Дэлхий үүссэнээс хойш галт уулын дэлбэрэлт, чулуулгийн өгөршил, нүүрс шатаах зэргээс хүрээлэн буй орчинд мөнгөн ус татагдаж байдаг аж. Харин үүнийг нь байгаль дээрх зарим төрлийн бактериуд мөнгөн усыг метил мөнгөн ус болгон хувиргадаг байна. Энэ нь загас, амьтан зэргээр дамжин хүний хоол тэжээлийн сүлжээнд нэвтрэх бөгөөд их хэмжээгээр биед орж ирвэл хортой нөлөө үзүүлдэг аж.
- Харин Тимеросал нь мөнгөн усны өөр хэлбэр болох этилмеркуриг агуулдаг. Этилмеркури болон метилмеркури хүний биед ороод өөр өөр аргаар задардаг болохыг харьцуулсан судалгаагаар тогтоосон байдаг. Өөрөөр хэлбэл, этилийн мөнгөн ус метилийн мөнгө уснаас илүү хурдан задардаг байна. Тиймээс томуугийн вакцины найрлагад багтдаг этилмеркури нь байгаль дээрх мөнгөн усны төрөл болох метилмеркуригээс ялгаатай бөгөөд хүний биед хөр нөлөөгүй аж. Яг л метилийн спирт болон этилийн спирттэй шиг хоёр өөр зүйл болохыг ойлгох хэрэгтэйг мэргэжилтнүүд тайлбарладаг. АНУ-ын Хүнс болон эмийн захиргаа(FDA)-ны шийдвэрээр бага насны хүүхдүүдийн ердийн вакцины найрлагаас тимеросалыг хассан ба 2001 оноос хойш ашиглаагүй байна. Одоогоор зөвхөн томуугийн эсрэг вакцинд мөөгөнцөр болон бусад хор хөнөөлтэй бичил биет үржихээс сэргийлэх зорилгоор энэхүү бодисыг ашиглаж байгаа аж.
Түүнчлэн:
Биологийн зэвсэг гэдэгт вирус, бактери, мөөгөнцөр, хор багтдаг ба эдгээр нь цар тахал, хүнд хэлбэрийн халдварт өвчин үүсгэх, амьд биетэд хохирол учруулах хор хөнөөлтэй гэж тодорхойлдог байна. Биологийн зэвсгийн тухай конвенцид 129 улс нэгдэн орсон байдаг бөгөөд Монгол Улс 1972 онд нэгджээ. Тус конвенцид оролцогч улс бүр хэзээ ч энэ төрлийн аливаа химийн болон бактериологийн зэвсэг, хэрэслийг ямар ч нөхцөлд боловсруулахгүй, үйлдвэрлэхгүй, нөөцлөхгүй буюу өөр ямар нэгэн аргаар олж авахгүй буюу хадгалахгүй байх үүрэг хүлээдэг.
Өөрөөр хэлбэл, биологийн зэвсэг нь хөнөөх, хохироох зорилготой бол вакцин нь урьдчилан сэргийлж, хамгаалах зорилготой шинжлэх ухааны ололт юм.
Вакцинтай холбоотой Нюрнбергийн шүүхийн тухай худал, ташаа мэдээлэл зөвхөн Монгол Улс төдийгүй дэлхий даяар тархсаныг өмнө бид нягталж мэдээлснийг энэ линкээс үзнэ үү.
Вакцинаас болж сая сая хүн амиа алдаж, тахир дутуу болсон гэж ярьсан нь нотлогдохгүй байна.
Харин 2024 онд Lancet сэтгүүлд нийтлэгдсэн, 50 жилийн дархлаажуулалтын хөтөлбөрийн үр дүнгийн томоохон судалгаагаар вакцины тусламжтайгаар 154 сая хүнийг нас барахаас хамгаалж чадсаныг тогтоожээ.
“Эко хүүхдийн төлөө нэгдье” хурлын үеэр мэдээлэл хийхдээ Ж.Занаа “Вакцин гэдэг үгсний цаана дандаа хорт бодис, химийн урвал явагддаг. Ертөнцийн жамаар биш, мөнх бусыг үзүүлдэг, эрүүл мэнд нь доройтдог. Вакцин бол галт зэвсэг биш ч биологийн зэвсэг. Билогийн зэвсгээр хүн төрөлхтнийг хороож байна. Дэлхийн маш олон улс оронд энэ биологийн зэвсгээр сая сая хүний амийг хороож, сая сая хүнийг тахир дутуу болголоо гэж мэдээлэл гараад байгаа. Нюренбергийн гэсэн шүүхийн олон улсын ажиллагаа эхэлж байсан түүхтэй” гэсэн юм. Вакцины талаар нягталсан мэдээллүүдийг ЭНД дарж үзэх боломжтой.
Эх сурвалж:
- ХӨСҮТ
- Legalinfo
- АНУ-ын Хүнс, эмийн агентлаг Вакцины боловсролын төв
- АНУ-ын Халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх төв
- ДЭМБ
- Лансет сэтгүүл





































