
Иргэд өөрийн арилжааны банк дахь дансаа бусдад ашиглуулж, цахимаар залилах гэмт хэрэгт холбогдох тохиолдол бүртгэгдэж байна.
Тодруулбал цагдаагийн байгууллагад энэ сарын байдлаар нийт 41,844 гэмт хэрэг бүртгэгдсэнээс 14,694 нь залилах гэмт хэрэг байна. Залилах гэмт хэрэг нь нийт гэмт хэргийн бүтцэд хамгийн өндөр хувь буюу 20.4 хувийг бүрдүүлж байна.
Сүүлийн үед цахимаар залилах гэмт хэрэгт иргэдийн арилжааны банкны дансыг ашиглах явдал зонхилжээ. Нийт 272 данс ашигласан тохиолдлоос 176 данс буюу 64.7 хувьд Кибер гэмт хэрэгтэй тэмцэх газраас хөрөнгийн шилжилт хөдөлгөөнд хязгаарлалт тогтоон барьж, 831 сая төгрөгөөс 603 сая төгрөгийг холбогдох банк, санхүүгийн байгууллагуудтай хамтран хязгаарлаж ажиллав.
Мөн фэйсбүүк болон бусад цахим флатформ ашиглан “сугалаанд оролцуулна”, “группт нэмнэ”, “дугаараа явуул” гэх мэтээр иргэдийн гар утсанд ирсэн 6 оронтой нууц кодыг авч хаягт нь нэвтэрч, танил болон ойр дотнын хүмүүсээс нь мөнгө гуйх байдлаар үйлдэгдсэн 26 залилах гэмт хэрэг бүртгэгдсэн. Үүний улмаас 53.7 сая төгрөгийн хохирол учирсныг тогтоон, 52.255.000 төгрөгийн дүнг хязгаарлаж ажилласан байна.
Цахим орчны аюулгүй байдлыг хангах ажлын хүрээнд Харилцаа холбооны зохицуулах хороонд нийт 165 хуурамч линк хаягийг мэдээлж, үүнээс 138 линк устгагдсан. Мөн цахим мөрийтэй тоглоомын 1,860 домэйн хаягийг илрүүлэн мэдээлж, 1,015 хаягийг Монгол Улсын нутаг дэвсгэрээс хандах боломжгүй болгожээ.
Иймд иргэд та бүхэн цахим орчинд хэн нэгэн хувь хүний данс руу мөнгө шилжүүлэхдээ анхааралтай байж, сайтар нягталж, судалсны үндсэн дээр шилжүүлэх, өөрийн эзэмшлийн дансыг бусдад ашиглуулахгүй байхыг Цагдаагийн байгууллагаас зөвлөж байна.





































