
НИТХ-ын төлөөлөгч Б.Эрдэнэсүхийн эхнэр О.Нарангарав мэдээлэл хийлээ.
Тэрээр “Б.Эрдэнэсүх олон жилийн турш намайг хүчирхийлж, амь насыг минь хохироох оролдлого хийж ирсэн. Сүүлд энэ оны 06 дугаар сард 10 давхрын цонхоор намайг унагах гэж оролдсон. Азаар тусламж эрэх үед хэн нэгэн хаалга тогшиж, би амь аврагдсан. Намайг тагнаж чагнаж, үр хүүхдүүдийн минь эрүүл мэнд, аюулгүй орчинд амьдрах нөхцлийг зөрчиж байгааг цагдаагийн байгууллагад өгсөн.
Намайг тавилгатай орон сууцыг нь зарсан хэмээн сошиал орчинд бичсэн байна лээ. Б.Эрдэнэсүх гэр бүлээс гадуурх харилцаатай болж, хүүхдүүдийг маань гэрээс нь хөөж гаргасан. Ингээд би хүүхдүүдтэйгээ ярилцаад шийдвэр гаргасан. Монголд байх хугацаанд намайг амь эрсдэх аюултай гэж үзээд БНСУ руу явж, ажиллах талаар яриад би явсан.
Б.Эрдэнэсүх ээжтэйгээ нийлж, өөрийнхөө том хүүг хулгайн хэрэгт албаар хутгаж, цагдаагийн байгууллагад өгсөн. Бид гэр бүлийн дундын компанитай. Хүүгээ огт танихгүй гэж мэдүүлж, компанийнх нь үнэ бүхий тоног төхөөрөмжүүдийг хулгай хийсэн гэж хэлээд цагдаад гомдол гаргасан байсан. Ийм нөхцөл үүссэн учраас Солонгост би хар амиа хоохойлоод явж байж чадаагүй. Хүүхдүүдийнхээ эцэг нь юм чинь тэдэндээ арай ч халдахгүй байх гэж бодсон чинь хүүхдээ 8-12 жилийн ялтай хэргээр шоронд хатаана, та нар бүгд овгоо солиорой гэдэг шахалт үзүүлсэн.
Миний 4 хүүхэд бэр, ач хүүхдүүд маань миний хувьд хамгийн үнэ цэнтэй хүмүүс учраас би тэнд зөвхөн өөрийгөө бодоод байж чадсангүй ээ. Миний хүүг хулгайн хэргээр цагдаад өгсөн нь прокурорын шатанд шилжсэн байсан. Б.Эрдэнэсүх хүүгээ менежер гэж хэлж, хөндлөнгийн юм шигээр хандсаныг прокурор "аав, хүү юм байна" гэдгийг нь тогтоогоод хулгайн сэдэлгүй гэж шийдвэрлэсэнд баярлаж байна. Намайг олон жилийн хугацаанд 102 руу яагаад залгаагүй юм бэ гэж байна.
Эрдэнэбүх нь намайг хүлж, бэлгийн дур хүслээ ёс бусаар хангаж, бичлэг хийн олон нийтийн сүлжээнд тавина гэж сүрдүүлж байсан. Ёс бус үйлдэл үзүүлж байгаа хүн СБД-ийн иргэдийн төлөөлөгч байхад яаж надтай адилхан хүчирхийлэлд өртдөг гэр бүлийг хамгаалж, таслан зогсоох вэ.
Миний хүүхдүүд эцэг хүний хайр халамжийг үзэж байгаагүй. Би Г.Угалзцэцэгтэй уулзаж, хүүхдүүдийнхээ хувцсыг авмаар байна гэж эмэгтэй хүний хувиар гуйхад "Та хоёр салаад удсан гэсэн. Удахгүй гэрлэлтийн баталгаагаа салгах гэж байгаа гэсэн биз дээ" гэх зэргээр надад хэлсэн. Олон нийтийн сүлжээнд худал мэдээлэл тарааж байгаад харамсаж байна" гэлээ.





































