
Монгол Улсын ардчилсан, шинэ Үндсэн хууль батлагдсан ойг тохиолдуулан Улсын Их Хурлын даргын ивээл дор жил бүр зохион байгуулагддаг Шатар сонирхогчдын Улсын аварга шалгаруулах тэмцээн ирэх сарын 06, 07-ны өдрүүдэд орон даяар эхэлнэ.
Гурван үе шаттай тус тэмцээнд Монголын шатрын холбооны рейтингийн жагсаалтаар чансаа нь 2000-аас хэтрээгүй (эмэгтэй шатарчдын чансаа 1800 хүртэл), шатрын спортын улсын цолгүй, 25 нас хүрсэн шатар сонирхогчид оролцох боломжтой. Анхан шатны тэмцээнээс сум, дүүргийн аваргуудыг тодруулах бөгөөд сум бүрээс эрэгтэй 2, эмэгтэй 1, дүүрэг бүрээс эрэгтэй 6, эмэгтэй 3 шатарчин шалгарч хагас шигшээ шатанд оролцох юм.
Хоёр дахь шат буюу аймаг, нийслэлийн аварга шалгаруулах хагас шигшээ тэмцээн энэ оны 12 дугаар сарын 20, 21-ний өдрүүдэд болж, аймаг бүрээс эрэгтэй 2, эмэгтэй 1, нийслэлээс эрэгтэй 12, эмэгтэй 6 шатарчин тус тус шалгарснаар Улсын аварга шалгаруулах шигшээ тэмцээнд оролцоно.
Монгол Улсын Их Хурлын Тамгын газар, Монголын шатрын холбоо хамтран шигшээ тэмцээнийг 2026 оны 1 дүгээр сарын 10, 11-ний өдрүүдэд Төрийн ордонд зохион байгуулж, Улсын аваргуудаа тодруулах аж. Жил бүр давхардсан тоогоор 6000 гаруй шатар сонирхогч оролцдог уг тэмцээнийг 14 дэх удаагаа зохион байгуулж буй нь энэ юм. Түүнчлэн Олон улсын шатрын холбоо (ФИДЕ) болон Монголын шатрын холбооны дүрмийн дагуу зохион байгуулж, бүх шатанд үндэсний рейтинг бодогдож, шатар сонирхогчид чансаагаа тооцуулахаас гадна тэргүүн байр эзэлсэн тамирчдад шатрын спортын “Дэд мастер” цол олгодгоороо онцлогтой.
“Монгол Улсын Үндсэн хуулийн өдөр”-ийг тохиолдуулан Монгол Улсын Их Хурлын даргын ивээл дор зохион байгуулж байгаа Шатар сонирхогчдын 2026 оны Улсын аварга шалгаруулах тэмцээнд идэвхтэй оролцож, оюун ухаанаа уралдуулахыг нийт шатар сонирхогчдодоо уриалж байна.





































