
Сүүлийн жилүүдэд нийслэлийн ойр орчмын суурьшлын бүс рүү зэрлэг амьтад орж ирэх, хашаанд тээглэн бэртэх тохиолдол эрс нэмэгджээ. 2018–2025 оны хооронд гэхэд зөвхөн хашаанд сүлбэгдэж, хавчуулагдсанаас 44 зэрлэг амьтан хорогдсон байна.
Иймд Нийслэлийн Байгаль орчны газар Улаанбаатар хотын зуслангийн бүс болон улсын тусгай хамгаалалттай газар нутагт баригдах хашаанд тавигдах шаардлагыг шинэчилж, UCS 0304В:2025 “Зэрлэг амьтдад ээлтэй хашааны ерөнхий шаардлага” стандартыг батлуулжээ. Шинэ стандарт 2025 оны 10-р сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн байна.
Зуслангийн бүсэд амьдардаг зэрлэг амьтдын биеийн хэмжээ, зан төрхөд нийцсэн, тэдэнд гэмтэл учруулахгүй аюулгүй хийц, загвар, материалтай хашааны стандартыг тухайн газрын эзэмшигч, өмчлөгч, ашиглагч болон бүх төрлийн иргэн, аж ахуйн нэгж заавал мөрдөх ёстой юм.
Ингэснээр амьтдын байгалийн нүүдэл, хөдөлгөөнийг хязгаарлахгүй, осол эрсдлийг бууруулах боломжтойг Нийслэлийн байгаль орчны газраас мэдээллээ.





































