
УИХ-аас баталсан Нийгмийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай хуулийг нийгмийн даатгалын байгууллага хэрэгжүүлэн ажиллаж байна. Энэ хуулийн хүрээнд 2025 онд ажилгүйдлийн даатгалын санд 162.7 тэрбум төгрөгийн орлого төвлөрүүлж, 161.9 тэрбум төгрөгийн зарлага гаргах төлөвлөгөөтэй.
Нийгмийн даатгалын байгууллага 2025 оны 1-9 сарын хугацаанд ажилгүйдлийн даатгалын сангаас 28.2 мянган даатгуулагчид 154 тэрбум төгрөгийн ажилгүйдлийн тэтгэмжийг бүрэн олгосон. Харин эдийн засгийн нөхцөл байдал, зарим ажил олгогч шимтгэл төлөх үүргээ хангалтгүй биелүүлж байгаатай холбоотойгоор өнөөдрийн байдлаар аравдугаар сарын ажилгүйдлийн тэтгэмжийг нийт 3,626 хүнд олгохоор хүлээгдэж байна. 10 дугаар сард олгох ажилгүйдлийн тэтгэмжийг ажилгүйдлийн даатгалын сангийн орлоготой уялдуулан энэ 7 хоногт үе шаттай шийдвэрлэнэ. Ажилгүйдлийн тэтгэмжтэй холбоотой гомдол, санал байвал аймаг, дүүргийн Нийгмийн даатгалын газрын доорх утсаар холбогдоно уу.






































