
Сонгинохайрхан дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Золбоо Шүүх шинжилгээний хэлтэстээ хэргийн газрын үзлэгийг 3D MR виртуал орчинд бодитоор үзэж, гурван хэмжээсээр дүрслэн хадгалах боломжтой өндөр нарийвчлалтай тоног төхөөрөмжийг хүлээлгэн өглөө.
Хэрэглээнд нэвтэрч буй уг төхөөрөмж нь хэргийн газрын үзлэгийн нарийвчлал, бодит байдлыг нэмэгдүүлэх, нотлох баримт цуглуулах ажиллагааг шинэ шатанд гаргаж, виртуал орчинд хэргийн газар болон нотлох баримтыг бүрэн хэмжээгээр дахин сэргээн харах боломжийг бүрдүүлэх юм.

Хурлын дарга Б.Золбоо мөрдөн шалгах ажиллагаа, хэргийн үнэн бодит байдлыг хөдлөшгүй үйл баримтаар тогтоох чухалыг онцлоод энэхүү хэрэгсэл нь хэргийн газрын бодит зураглалыг харуулах тул цаашид шүүх шинжилгээний нэгжүүдэд өргөн хүрээнд хэрэглэж эхлэнэ гэдэгт итгэлтэй буйгаа илэрхийлсэн юм.
Ташрамд энэхүү виртуал орчин үүсгэх төхөөрөмж улсын хэмжээнд Шүүх шинжилгээний хэрэглээнд анхлан нэвтэрч байгаагаараа онцлог аж.





































