
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцууллаа.
Энэ үеэр төрийн өмчийн 7,000 орчим байгууллагын санхүүгийн зарцуулалтыг ил тод болгохтой холбоотой мэдээллийг Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Бямбацогт дараах байдлаар хүргэлээ.
"Төрийн өмчит компаниудын засаглал, бүтээмж, үр өгөөжийг нэмэгдүүлэх тухай хуулийг өнгөрсөн 2025 оны нэгдүгээр сард Засгийн газраас УИХ-д өргөн барьсан. Нийтийн өмчийн тухай хуулийг УИХ-д 2025 оны тавдугаар сард өргөн барьсан байдаг. Энэ хуулийг баталж өгөх шаардлагатай байгаа. Эдгээр хууль эрх зүйн орчин бүрдсэний дараа Монгол Улсын төрийн өмчит компаниудын засаглал менежментийг сайжруулах, үр өгөөжийг нэмэгдүүлэх, засаглалыг ил тод болгох эрх зүйн орчин бүрэн утгаараа бүрдэх юм.
Гэхдээ түүнийг хүлээхгүйгээр Монгол Улсын Засгийн газраас тодорхой арга хэмжээг авч хэрэгжүүлж байгаа. Тухайлбал Эрдэнэт уулын баяжуулах үйлдвэрт гурван төрлийн хулгай байдаг байсан. Тендер, шахааны хулгай байсан бол одоо хиймэл оюун ухаан ашиглаж, бараа ажил үйлчилгээ худалдан авдаг болсон. Ингэснээр бараа бүтээгдэхүүн шахдаг, тендерийн шахааны асуудал байхгүй боллоо.
Эрдэнэс Тавантолгой компани дээр бүх худалдан авах гэрээг ил болгосон. Санхүүжилтээр орж байгаа орлогыг нь ил болгосон гэсэн үг. Мөн гарч буй зардлуудыг ил болгосон. Үүнтэй адил сайн жишгүүдийг төрийн өмчийн хоёр, гуравхан компани дээр биш, нийт 7,000 орчим нэгж байгууллага дээр төрийн болон орон нутгийн өмчийн бүртгэл мэдээллийн нэгдсэн цахим системийг бий болгоё. Тэнд орж байгаа бүх мэдээлэл ил тод байлгая.
Мөн төрийн өмчийг үнэгүй шахам бусдад ашиглуулдаг явдал газар авсан. Тэгвэл төрийн өмчийн бүртгэл мэдээллийн нэгдсэн системийг бий болгосноор төрд байгаа 135 их наяд төгрөгийн хөрөнгийн бүх мэдээлэл нээлттэй цахим системд тавигдана." гэдгийг онцлох ярилаа.





































