Гашуунсухайт-Ганцмод боомтыг төмөр замаар холбох Монгол, Хятад хоёр улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийг энэ оны хоёрдугаар сарын 14-нд БНХАУ-ын Харбин хотноо байгуулж, гурван сарын дараа буюу 05 дугаар сарын 14-нд нүүрс тээвэрлэлтийн урт хугацааны гэрээг “Монголын төмөр зам” ТӨХК болон “Чайна Энержи Коксжих нүүрс (Тяньжин)” ХХК хооронд байгуулж “Монголын төмөр зам” ТӨХК-ийн Гүйцэтгэх захирал О.Батчулуун, “Чайна Энержи Коксжих нүүрс (Тяньжин)” ХХК-ийн Ерөнхий захирал Ян Зэкүнь нар үзэглэж байв.
Ийнхүү Гашуунсухайт-Ганцмод боомтыг хил дамнасан төмөр замаар холбох ажлын хүрээнд “Чайна Энержи” группийн “Эрдэнэс Тавантолгой” ХК-аас худалдан авсан нүүрсийг төмөр замаар тээвэрлэх урт хугацааны гэрээг “Монголын төмөр зам” ТӨХК байгуулж, ачаа тээврийн үйл ажиллагааг 2025 оны 06-р сарын 24-ний өдрөөс албан ёсоор эхлүүлсэн.
Анхны галт тэрэг Тавантолгой өртөөнөөс хөдөлснөөс хойш өнөөдрийг хүртэл таван сарын хугацаанд “Монголын төмөр зам” ТӨХК тээвэрлэлтийг амжилттай гүйцэтгэж нийт 3,000,000 тонн нүүрс тээвэрлээд байгаа нь Тавантолгой–Гашуунсухайт чиглэлд хамгийн богино хугацаанд хийгдсэн дээд хэмжээний тээвэрлэлт болж байна.

















