
Нийслэлийн хэмжээнд ханиад, томууны дэгдэлт нэмэгдсэн тул бага ангийн сурагчдын хичээлийг түр хугацаанд цахим хэлбэрт шилжүүлсэн.
Сурагчдын эрүүл, аюулгүй орчныг бүрдүүлэх зорилгоор сургуулийн анги танхимд ариутгал, халдваргүйжүүлэлтийн ажлыг үе шаттай эхлүүлээд байна. Тухайлбал, Хан-Уул дүүргийн 18 дугаар сургуулийн анги танхим болон сурагчдын тогтмол хүрдэг гадаргууг тусгай зориулалтын уусмалаар халдваргүйжүүлэв.
Агаар болон гадаргууд жигд тархах тус ариутгал халдваргүйжүүлэлтийн ажлыг 182 сургуулийн нийт 700 мянган ам метр талбайд мэргэжлийн долоон байгууллагын ажилтнууд гүйцэтгэж байна. Эхний ээлжид төвийн зургаан дүүргийн сургуулийг ариутгаж, цаашид нийслэлийн бүх сургууль, цэцэрлэгт халдваргүйжүүлэлтийг бүрэн хийнэ.
Ариутгал, халдваргүйжүүлэлт энэ сарын 4-10-нд үргэлжилнэ гэдгийг УБЗАА-ны Орчны хог бохирдол, хог хаягдлын удирдлагын хэлтсийн дарга Б.Мөнх-Эрдэнэ хэллээ.





































