“Титанан шүд”-тэй Европ “Арслан”

Arslan.mn

Орос-Украины дайны талаар миний сүүлийн үед бичсэн “Унтаж байсан Арслан сэрлээ” зэрэг цуврал нийтлэлийн дор бичсэн сэтгэгдлүүдийг харвал Европын Холбоо сөнөж мөхөж байгаа мэтээр ойлгогдохоор байх юм. Иймэрхүү сэтгэгдлүүд өмнө нь хааяа хааяа цухалздаг байсан бол одоогийн байдлыг харахад нэгэн дохиогоор ажиллаж байгаа нь ажиглагдахаар, тодорхой системтэй нь харагдана.

Манай “Ояа” нар “Хөгшин Европ... Европ сүйрч байна... Дотооддоо эв нэгдэлгүй... Лалынхандаа алуулж байхдаа таарсан амьтад... Удахгүй задрана...Шүдгүй арслан...Оросууд Европыг арчаад өнгөрнө... Орос тэднийг хэдхэн цөмийн зэвсгээр үнс нурам болгоно... Орос ялна...” гэх мэт адил буюу төстөй, олон давтамжтай үг өгүүлбэрүүдийг элдэв хараал зүхлийн үгээр хачирлан, бөөн бөөнөөр дайран бичжээ.

Ингэж бичих зааврыг нэр нүүрээ ил гаргахаас үхтлээ айдаг ояа гэгчдэд “Русский Дом” буюу РЦНК өгч байгаа гэж би харддаг, хардсаар ч байна. Ядахад тэд нар нь бараг толгой дараалан алдаатай бичихийг яана. Ядаж зөв бичиж байгаарай, согтуудаа битгий бичиж байгаарай гээд хэлчихдэггүй юм байх даа, тэр РЦНК нь, аан?

Гэтэл бодит байдал огт өөр байгааг би Та нарт дуулгая, уншигчид аа. Орос-Украины дайнаас улбаалан, ялангуяа АНУ-ын Ерөнхийлөгч Трампын баримтлаж байгаа бодлогоос шалтгаалан Европын Холбооны Улсууд харин ч урд хожид байгаагүйгээрээ нэгдэн нягтарч чадаж байна. Өмнө нь тэд өөр өөрийнхөөрөө зүтгэдэг байсан тал бий. Ялангуяа батлан хамгаалах салбарт сулхан анхаарч, Америкийн шүхэр дор амар тайван налайж байсан цаг саяхан.

Д2Д-аас хойш 80 жил Европчууд цэрэг зэвсэгтээ ДНБ-ийнхээ ердөө нэг хувь гаруйхан тарчигхан мөнгө хөрөнгө хувиарлаж “Шүдгүй Арслан” болсон нь харин үнэн шүү.

Тэд дайныг хүсээгүй. Хөгжил дэвшил. амар тайван амьдралыг эрхэмлэж байсан. Гэтэл энэ үед Орос “Баавгай” “Шүдээ хүртэл зэвсэглэж” ДНБ-ийнхээ 10-22%-ийг цэрэг зэвсэгтээ зарцуулсаар байжээ. Тэгэхээр хэн дайныг хүсч байв? Бод доо.

Харамсалтай нь Оросын түрэмгий авираас болж европчуудын амар тайван үе өнгөрч цаг үе өөр боллоо. Хэрэв бид нэгдэж нягтрахгүй юм бол Оросын түрэмгийлэл нэгэн цагт бодитой болж болох юм гэдгийг тэд ойлголоо. 2018 оноос хойш батлан хамгаалах төсвөө богинохон хугацаанд 2 дахин нэмэгдүүлж 2025 оны байдлаар Европын Холбооны Улсууд 350 тэрбум доллар зарцуулсан нь ОХУ-ын 126 тэрбум долларын төсвөөс 2.7 дахин их байна. Үүн дээр Украины цэргийн зардлыг нэмвэл даруй бараг 3.5 дахин их болно. 2035 он гэхэд Европын Холбооны Улсууд батлан хамгаалах төсвөө ДНБ-нийхээ 5%-ийг зарцуулахаар төлөвлөж байгаа нь ойролцоогоор 900 тэрбум доллар болж АНУ-ын цэргийн зардлын хэмжээнд тун дөхөж очих юм.

Тэр үед “Шүдгүй Арслан” нь “Титанан шүд”-тэй болж Оросын болзошгүй түрэмгийллийг гадны тусламжгүйгээр сөрөн зогсох бүрэн чадвартай болно. “Европ Арслан”-г “Титанан шүд”-тэй болгож сэрээж буй Трамп гуай, Путин гуай хоёрт харин тэд баярлах цаг ирнэ. Нөгөө талаараа “Орос баавгай” харин ч нэг “Шүдгүй баавгай” болов бололтой. Одоогийн байдлаар Оросын эдийн засгийн уналт бүхний нүдэн дээр ил болж байгааг тэд өөрсдөө ч хүлээн зөвшөөрч байгаа. Нуух аргагүй болсон.

ОХУ-ын Эдийн засгийн хөгжлийн сайд Максим Решетников “Оросын эдийн засаг уналтын ирмэг дээр ирлээ” гэж мэдэгдлээ. Албан ёсны “Росстат”-ын тооцоогоор ч инфляцын түвшин 40%-иас давжээ. Олон улсын санкцын дарамтад орсноор эдийн засаг нь агшиж, бизнесийн орчин доройтож, аж ахуйн нэгжүүд хаалгаа барьж, торгуульд дарагдаж, нүүрсний уурхайнууд зогсож, төрийн өр нэмэгдэж, бараа бүтээгдэхүүний үнэ огцом өссөөр байна. “Ядахад яр” гэгчээр украины дроны оновчтой, тасралтгүй халдлагууд Оросын газрын тос, хий, эрчим хүчний салбарт, мөн цэргийн үйлдвэрт  хүчтэй цохилт өгч, нефть боловсруулах үйлдвэрүүдийн үйл ажиллагаа доголдон, бензин болон өргөн хэрэглээний барааны үнэ тасралтгүй өсч, ажилгүйдэл нэмэгдсээр байна!

Arslan.mn

Ард түмний дургүйцэл, олигархиудын дотоод зөрчил, цэргийнхэн дунд ч тогтворгүй байдал үүсч "The Telegraph"-ийн мэдээлснээр Ерөнхийлөгч Путин эдгээр хүчин зүйл төрийн эргэлтэд хүргэж болзошгүй гэж тэр болгоомжилж байгаа юм байна. Бодвол тэр Уралын нуруун дахь бункерээсээ ч цухуйж чадахгүй тарчилж байгаа бололтой. Гэтэл нөгөө Украины залуу Зелинский нь өвгөн Путиныг тохуурхах мэт фронтын тэргүүн шугам дээр Оросын цэргүүдээс хэдхэн метрийн зайд видео лайв хийгээд, цэргүүдтэйгээ хоолоо хувааж идээд, жаахан дуг хийгээд авч байгаа нь дэлхийн чихийг дэлдийлгэв. Ямрав дээ ояа-нууд минь дээ?

ОХУ-ын Сангийн яамны урьдчилсан таамаглалаар 2025 онд улсын төсвийн алдагдал ДНБ-ий 2.6% буюу 5.7 их наяд рубльд хүрч болзошгүй байна. Энэ нь төлөвлөснөөс 5 дахин их гэсэн үг. Төсвийн алдагдлыг нөхөхийн тулд татварыг нэмэгдүүлэх, ялангуяа 2026 оноос НӨАТ-ыг 22 хувьд хүргэх шийдвэрт Ерөнхийлөгч Путин эмзэглэн байж гарын үсэг зурсан. “Үндэсний сайн сайхны сан”-гийн нөөцийг ашиглаж эхэлсэн байна. Уг сангийн хэмжээ дайны өмнөх үеийн 10 их наядаас 4.2 их наяд рубль хүртэл буурсан. Одоо эрх баригчид санг бүрмөсөн шавхах аюулыг ухамсарлан болгоомжилж байгаа ч тэдэнд өөр арга байхгүй болсон. Энэ нь айл өрхөөр зүйрлэвэл байгаа жаахан юмаа сэгсэрч ор хоосон болж байгаагийн цондон.

Харвардын их сургуулийн Орос&Евразийн судалгааны төвийн судлаач Крейг Кеннедигийн мэдээлснээр, цэргийн үйлдвэрийн компаниудын өрийн хэмжээ 190 тэрбум долларт хүрсэн нь улсын жилийн төсвийн 37 хувьд дүйцэх дүн гэнэ.

Авилга, хээл хахуульд нэвт автсан Оросын банкууд баталгаагүй зээл олгосон тул одоо өрийн эргэн төлөлт зогсож, санхүүгийн хямрал нүүрлэж байна. Рублийн ханш 2022 оноос хойш 60 хувь унасан. Төв банк хүүг 18 хувьд хүргэж, валютын интервенц хийж байгаа ч нөлөө нь түр зуурынх гэж шинжээчид үзэж байна. Өгье ч гэсэн тэр валют нь байхгүй. Учир нь Оросын 300 тэрбум долларын гадаад валютын нөөц (нуусан актив) Барууны улсуудын хорионд хэвээр байна. Бодит байдал ийм л байна. Тэгээд өөрсдөө бод доо. Троллчин, ояачдын тэнэглэл, эргүүтэл, шунал, тэчьяалд цаг нар гэж баймаарсан!  

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an Report.mn post Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
57907