Засгийн газрын хуралдааны үеэр Ерөнхий сайд Г.Занданшатар татварын өртэй аж ахуйн нэгжүүдийн дансыг хаахгүй байхыг анхааруулжээ.
Тэрээр "Татвар төлөгчдийн дансыг шууд хааж албадлагын арга хэмжээ авдаг байдлыг халж зөвлөн туслах хэлбэр рүү шилжинэ. 20-30 мянган жижиг татвар төлөгчдийн дансыг хаалаа гээд их хэмжээний татварын орлого орж ирэхгүй байгаа шүү дээ. Яагаад заавал асуудлыг мушгиж, хэтрүүлж, 20, 30 мянгаар нь дансыг нь хаагаад байгаа юм бэ. Энэ эсвэл санаатайгаар нийгмийн бухимдлыг төрүүлэх гэсэн ажиллагаа юм уу.
100-гаад томоохон татвар төлөгчид дээр чинь л татварын өрийн дийлэнх нь байна лээ шүү дээ. Ногдуулалтын өр, актын өрөө яагаад ялгаж салгадаггүй юм уу. Яагаад шүүхийн шийдвэргүйгээр хүний өмч хөрөнгөд халдаад байгаа юм гэсэн асуудал хүртэл яригдаж байна.
Татварын байцаагт татвар төлөгчидтэйгөө нягтлан бодох бүртгэлийн зөвлөх шиг тусалж, асуудлыг нь шийдвэрлэхэд анхаарч яавал татвараа төлөх боломж үүсэхээр байгааг нь зөвлөж ажиллах хэрэгтэй. Шууд дансыг нь хаачихаар яаж татвараа төлөх юм бэ. Тиймээс эрүүл саруул механизм бий болгох хэрэгтэй байна" гэжээ

















