Хосуудыг эрсдэлд оруулдаг 15 зүйл

Юу ч болж байсан, ямар ч зүйл тохиолдсон хамтдаа жаргаж, зовно гэж бие биенийгээ хайрласан хүмүүс нэг мэдэхэд өөр өөрсдийн замаа хөөж, танихгүй хүмүүс шиг зөрж өнгөрөх нь бий. Тэгвэл тэдний тэр их хайр сэтгэл чухам юунаас болж, хөрдөг юм бол? Ингээд хамтдаа хосуудын харилцааг үгүй хийж, тэднийг эрсдэлд оруулдаг хүчин зүйлстэй танилцъя.

Бусад хосуудад атаархах

Хосуудын гаргадаг нийтлэг алдаануудын нэг бол бусад хосуудад атаархаж, тэдний сайн яваад хорсох явдал бөгөөд энэ нь тэднийг хүрээлэн буй орчны хүмүүсээс ангид байлгаж, хамт олон болон найз нөхдөөс нь холдуулдаг сөрөг нөлөөтэй ажээ. Ингэж байхын оронд бусдыг атаархтал аз жаргалтай амьдарч, бие биенийгээ үнэнчээр хайрлах нь чухал юм. Гэвч ихэнх хосууд атаархуу зандаа түүртэж, бусдын дээр гарах гэснээсээ болж өөрсдийнхөө харилцааг үгүй хийх нь бий.

Хэтэрхий нэгнээсээ хараат байх

Бие биедээ хайртай байна гэдэг нь нэгнээсээ хэт их хараат байхыг хэлж байна гэсэн үг биш юм. Харин эсрэгээрээ бие биенийхээ хувийн орон зайг хүндэтгэж, нэгнээ ойлгож, дэмжихийг хэлж байгаа юм. Гэвч хосууд цаг хугацаа өнгөрөх тусам бие биедээ улам дасаж, хувийн орон зай гэх зүйлээ үгүй хийж эхэлдэг. Энэ нь эцэс сүүлдээ даамжирсаар хоёр биенээ нэгнээсээ хараат болгож орхидог билээ. Эхэндээ энэ нь хэвийн зүйл мэт санагдах хэдий ч, хожим нь эрх чөлөөгөө хааж, боолгож буй нэгэн нь харилцаагаа цэглэхийг илүүд үздэг байна.

Эрх чөлөөтэй байх

Хэт хараат байхын эсрэг ойлголт нь хэтэрхий эрх чөлөөтэй байх явдал юм. Энэ тохиолдолд хосууд өөрсдийн харилцаанаасаа илүүтэйгээр хувийн орон зайгаа алдахгүйг эрхэмлэдэг бөгөөд ингэснээр тэднийг холбож байдаг хайр сэтгэл үгүй болж, сэтгэл хөрөх, нэгнээсээ уйдах явдал ажиглагддаг байна. Тэгэхээр хараат байдал болон эрх чөлөөг эрхэмлэх үедээ аль алиных нь тунг тааруулж байх хэрэгтэй юм.

Хүүхэдтэй болох

Хүүхэдтэй болох тухай яриа бол хосуудын хувьд хамгийн чухал зүйл байдаг билээ. Хэзээ хүүхэдтэй болох уу, яаж өсгөх үү, хэрхэн амьдрах вэ гэх зэрэг олон асуултуудыг араасаа дагуулж байдаг энэ чухал сэдвээс үүдэж, хосууд хоорондоо ам зөрж, бүр зарим тохиолдолд үл ойлголцлоо дарж чадахгүй байсаар хоёр тийш хүртэл болдог. Энэ тохиолдолд хэн хэнийхээ хүсэл сонирхол, үзэл бодлыг сонсож, сайтар ярилцаж үзэх хэрэгтэй гэдгийг анхаараарай.

Карьерыг чухалчлах

Хосуудад тохиолддог бас нэг асуудал бол карьер хөөх явдал бөгөөд тэдний хэн нэгэн нь ажил мэргэжил, албан тушаалын хувьд дээшлэх, илүү боломжтой ажил хийх, таатай нөхцөл бүрдэх үед энэ асуудал хөндөгддөг. Магадгүй эндээс тушаал дэвшиж байгаа нь сайн хэрэг шүү дээ гэх эерэг хандлага харагдаж байж болох ч гэлээ, цаана нь гэр бүлдээ зарцуулах цаг зав, хайртын чинь үзэл бодол, ирээдүйд хэрхэн нөлөөлөх вэ гэх зэрэг олон асуудлууд давхар яригдана гэдгийг мартаж болохгүй юм. Тиймээс сайтар бодсоны эцэст шийдвэрээ гаргах нь чухал ажээ.

Нэг хэвийн харилцаа

Дасал болсон зүйлсээ өнөөдрийг хүртэл хийсээр л байгаа юм биш биз? Хэрвээ тийм бол яг одооноос харилцаагаа шинэ шатанд аваачих үүднээс хийдэг байсан зүйлсээ өөрчилж, өөр зүйлс хийдэг болохыг зөвлөж байна. Яагаад гэвэл энэ нь хосуудын харилцааг уйтгартай болгож, улмаар хоёр биенээсээ уйдахад хүргэдэг аж. Ингэснээр удахгүй сэтгэл хөрж, мөр мөрөө хөөх үндэс болдог нь нууц биш юм.

Гэр бүлийнхний нөлөө

Та хоёр хоорондоо болж, тохирч байгаа ч гэлээ, эцэг эхийн хосуудын харилцаанд үзүүлэх нөлөө яах аргагүй чухал юм. Гэсэн хэдий ч, хүн нэг л амьдрах учраас өөрийнхөө амьдралаа өөрөө шийдвэрлэх хэрэгтэй билээ. Гэхдээ амьдралд тохиолдох ямар ч саад бэрхшээлд шантрахгүй байж, хувиршгүй сэтгэлээр түүнтэйгээ амьдралыг туулна гэсэн итгэлтэй байх хэрэгтэй гэдгийг санаарай.

Зугаа цэнгэлд ташуурах

Залуу насны эрч хүч, ааг омгондоо түүртэж, зугаа цэнгэлд толгойгоо мэдүүлэх нь хэзээ ч сайн зүйлд хөтөлдөггүй жамтай. Та ганцаараа ч бай, хайрттайгаа ч бай шоу цэнгээн, наргиан наадам, зугаа цэнгэл гэж явсаар байгаа бол та хоёрын харилцаа битгий хэл, амьдрал чинь уруудаж, доройтож байна гэдгийг санахад илүүдэхгүй юм. Учир нь наад захын хөрөнгө мөнгө, цаг хугацааны хувьд та хоёр зүгээр л салхинд хийсгэж байна шүү дээ. Тиймээс ирээдүйгээ бодож, ухаалга амьдраарай.

Цахим сүлжээнд хэт анхаарал хандуулдаг

Цахим сүлжээ нь сүүлийн жилүүдэд бидний амьдралд чухал байр суурийг эзлэх болсон. Харин үүний хор уршгаар хоёр тийш болох хосууд ч цөөнгүй юм. Хайртынхаа бичсэн постыг уншиж бухимдаж, хэрүүл маргаан эхлэх бөгөөд энэ мэтчилэн жижиг сажиг асуудлууд ундарсаар нэг л мэдэхэд салах дээрээ тулсан байдаг билээ. 

Төгс байхыг шаарддаг

Төгс, ямар ч өөгүй, бүгдэд 100 хувь таалагдах хүн гэж хаана ч үгүй. Тиймээс хайртыгаа төгс байлгах гэж бүү хичээ. Түүний алдаа дутагдлыг ч мөн хайрла. Энэ мэтчилэн найз залуу, бүсгүйгээ байнга л төгс байхыг шаардаж, түүнийг өөрчлөх гэж хичээх нь хайрыг үгүй хийж, харилцааг сүйтгэдэг гэмтэй. Ингэхэд та өөрөө төгс хүн гэж үү? Энэ талаар ч мөн эргэцүүлээд үзээрэй. 

Хамт байх цаг хугацаа хомс

Ажил ихтэй, цаг зав муутай байдал нь хосууд салах хамгийн том шалтгаан болдог билээ. Үргэлж карьер, ажлынхаа төлөө явсаар нэг л мэдэхэд тэдний харилцаа хөрч, нэгнээ гэх сэтгэл нь үгүй болсон байдаг. Энд хэн нэгнийг буруутгах аргагүй тул байгаа байдалтай эвлэрэх шаардлага гардаг билээ. Хэрэв та ч мөн ийм байдалтай байгаа бол одооноос ч хамаагүй хайрттайгаа гайхалтай мөчүүдийг өнгөрүүлээрэй. Таны хувьд гэр бүл чухал уу? Ажил тань чухал уу? гэдгийг сайтар бодох хэрэгтэй. Ажлын амжилт карьер, аз жаргалтай гэр бүлийг нэг дор цогцлооно гэдэг дэндүү хэцүү бөгөөд та болон таны хайртаас маш их ухаан, тэвчээрийг шаардах аж.

Ажилгүй болох

Өнөө цагт хосуудын хувьд хайр гэхээс илүүтэй хөрөнгө мөнгө чухал болсон нь нууц биш билээ. Хүн бүр ирээдүйгээ гэрэл гэгээтэйгээр төсөөлдөг тул дутах зүйлгүй сайн сайхан амьдрахын тулд давгүй ажилтай, ирээдүйтэй нэгнийг сонгодог. Харин итгэж ирсэн хайрт чинь ажлаасаа халагдаж, хөрөнгө мөнгөөр дутагдаж эхэлвэл яах вэ? Тус нөхцөл байдалтай тулгарсан хосуудын ихэнх нь бууж өгч, хоёр тийш болдог ажээ. 

Сексийн харилцаа

Хосуудын харилцаанд хамгийн чухал байр суурийг эзэлдэг зүйл бол яалтчгүй секс билээ. Сексийн харилцаа тохироогүйн улмаас маш олон хосууд салдаг байна. Мэдээж хүн бүр өөр тул тэдний хүсэл сонирхол ч харилцан адилгүй байх бөгөөд үүнээсээ үүдэж нэг нэгэндээ буулт хийж чадалгүй өөрийн хүслээр зүтгэсээр салах хосуудыг зөвтгөх аргагүй ээ.

Анхны хайраа санагалзах

Хүн бүр анхны хайртай учирч, ухаанаа алдтал дурлаад, эцэс сүүлд нь гайхалтай сайхан дурсамжтай үлддэг.  Мөн анхны хайртайгаа гэр бүл болж аз жаргалтай амьдарч байгаа хүмүүс ч олон байдаг. Харин эрэгтэй, эмэгтэй бүх хүмүүс анхны хайраа хэзээ ч мартдаггүй бөгөөд гэр бүлтэй болсон байлаа ч сэтгэлдээ тээж явахыг үгүйсгэхгүй. Зарим тохиолдолд тэдний анхны хайр сэдэрч, хосуудын харилцааг үгүй хийдэг аж.

Хайр хөрөх

 

Нэгэнт хөрсөн хайрыг буцааж цэцэглүүлнэ гэдэг ус дээр гал түлэхээс хэцүү билээ. Харин хайр сэтгэлгүй атлаа хос хэмээн амьдарна гэдэг бүр ч хэцүү. Ганц л амьдрах боломжийг атгасан атлаа сэтгэлгүй хүнтэйгээ насан туршдаа хамт байна гэж бодох төдийд л дотор харанхуйлж, амьдралаас авч болох аз жаргал, амтыг мэдрэхгүй өнгөрөх гэж байгаа мэт санагдана. Тиймдээ ч хайр сэтгэл нь хөрсөн хосууд салах тухай ярилцаж, нэг нэгнийхээ бодлыг хүндэтгэхийг зорьдог байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an Report.mn post Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
1
Like an Report.mn post
580