
Монголчууд бид умар зүгийг хоймор хэмээн дээдлэн үзэж эрхэмлэн сүсэглэж ирсэн зан заншилтай ард түмэн билээ. Төв Азийн цээжинд хэдэн мянганыг элээж нааш цааш нүүдэллэн мал сүргээ адгуулан аж төрөхдөө умар зүгт Сибирийн их тайгаас цааш сонирхож байсан түүх бага бололтой. Бидний зүг чигийн ойлголтоор бол дэлхий бөмбөрцгийн оройд орших өргөн уудам орон зайг бүрхсэн асар том мөсөн бүрхүүлээс тогтсон хэсгийг Арктик- хойд туйл хэмээн нэрийдсээр иржээ.
Арктик гэдэг нь Арктикийн тойргийн хойд хэсэгт орших хуурай газар, далайн бүс нутгийг (ойролцоогоор хойд өргөргийн 66°34′N-с хойших бүс нутаг) хэлдэг бөгөөд нийт 21 сая хавтгай дөрвөлжин км талбайг хамардаг. Олон улсын эрх зүйн хүрээнд Арктик нь Хойд тивүүд болон Хойд мөсөн далайтай зэргэлдээ орших Европ, Ази, Хойд Америкийн холбогдох арлууд, түүнчлэн Хойд мөсөн далайн доторх улсын ус, задгай тэнгис, олон улсын далайн ёроолын бүс нутгийг багтаадаг.

Арктикийн тив болон арлууд нь ойролцоогоор 8 сая хавтгай дөрвөлжин километр талбайг хамардаг бөгөөд нутаг дэвсгэрийн бүрэн эрх нь Арктикийн найман улс болох Канад, Дани, Финлянд, Исланд, Норвег, ОХУ, Швед, АНУ-д харьяалагддаг. Хойд мөсөн далай 12 сая гаруй хавтгай дөрвөлжин километр талбайг хамардаг бөгөөд холбогдох далайн эрхийг олон улсын хуулийн дагуу эргийн улсууд болон бусад улсууд хуваалцдаг. Арктикийн эргийн улсууд нь дотоод ус, нутаг дэвсгэрийн тэнгис, зэргэлдээ бүс, онцгой эдийн засгийн бүс, эх газрын тавиуртай бөгөөд Хойд мөсөн далайд мөн нээлттэй тэнгис болон олон улсын далайн ёроолын бүсүүд багтдаг.
Арктик нь өвөрмөц байгалийн орчин, элбэг дэлбэг нөөцтэй бөгөөд далайн ихэнх хэсэг нь жилийн турш мөсөөр бүрхэгдсэн байдаг. Одоогийн байдлаар Арктикийн орчин хурдацтай өөрчлөгдөж байна. Сүүлийн 30 жилийн хугацаанд Арктикийн бүс нутагт температурын өсөлт нь Арктикийн зуны далайн мөсний тасралтгүй бууралтад хүргэсэн. Эрдэмтэд энэ зууны дунд үе буюу түүнээс өмнө Арктикийн далай улирлын чанартай мөсгүй болж магадгүй гэж таамаглаж байна. Нэг талаас, Арктикийн мөс, цас хайлах нь Арктикийн орчны өөрчлөлтөд хүргэхээс гадна дэлхийн дулаарал хурдацтай явагдах, далайн түвшин нэмэгдэх, цаг агаарын эрс тэс уур амьсгалын өөрчлөлт нэмэгдэх, биологийн олон янз байдал алдагдах зэрэг дэлхийн асуудлуудыг үүсгэж болзошгүй юм. Нөгөө талаас, Арктикийн мөс, цас хайлах нь Арктикийн хөгжил, ашиглалтын нөхцөл байдлыг аажмаар өөрчилж, улс орнуудад Арктикийн тээврийн замыг арилжааны зорилгоор ашиглах, Арктикийн нөөцийг хөгжүүлэх боломжийг олгох юм. Арктикийг хөгжүүлэн ашиглах нь олон улсын худалдаа, дэлхийн эрчим хүчний хангамжийн хэв маягт мэдэгдэхүйц нөлөө үзүүлээд зогсохгүй Арктикийн бүсийн эдийн засаг, нийгмийн хөгжилд асар их өөрчлөлт авчирч, Арктикийн оршин суугчид болон уугуул иргэдийн үйлдвэрлэл, амьдралын хэв маягт мэдэгдэхүйц нөлөөлөхөөс гадна Арктикийн экологийн орчинд өөрчлөлт учруулж болзошгүй юм.
ХҮН ТӨРӨЛХТНИЙ НЭГЭН ШИНЭ ҮҮЦ- АРКТИК
Дэлхий дулаарал, аж үйлдвэржилтийн нөлөөгөөр Гренландын хойгийн мөсөн давхарга маш хурдацтай хайлж байгаагаас үүдэн хэдхэн жилийн дараа буюу 2050 он гэхэд Арктикт мөсгүй зун үзэх болно гэсэн таамгийг эрдэмтэд дэвшүүлжээ. Энэ нь тун удахгүй Арктикийн асар их баялгийг олборлоход хялбар дөхөм болж, түүнд хүрэх зам харгуй ч чөлөөтэй болж Атлантын далайгаас Номхон далай хүрэх хамгийн дөт усан зам нээгдэх боломж ойртож буйн илрэл.
Шанхай хотоос эхэлж, Берингийн хоолойгоор дамжин Европ руу аялах усан тээврийн хөлөг онгоц ойролцоогоор 20 хоног явах бөгөөд энэ нь Суэцийн сувгаар дамжин өнгөрөх Ази-Европын маршрутаас бараг 10 хоног, Сайн итгэлтийн хошууг тойрсон маршрутаас 30 орчим хоногоор богино бөгөөд цаг хугацааны хувьд мэдэгдэхүйц давуу талтай.
Хятадаас Европ руу чиглэсэн Арктикийн тээврийн зам ("Зүүн хойд гарц/ NSR" гэж нэрлэдэг) нь зай, цаг хугацаа, өртөг, стратегийн ач холбогдлын хувьд эдийн засгийн давуу талтай бас ихээхэн хязгаарлалт, эрсдэл дагуулдаг.
Уламжлалт Суэцийн сувгийн Шанхай—Роттердам маршруттай харьцуулахад:
Суэцийн сувгийн маршрут: Ойролцоогоор 20,000–21,000 км
Арктикийн маршрут: Ойролцоогоор 12,800–14,000 км
Аяллын зайг ойролцоогоор 30%-40%-иар багасгаж, аяллын хугацааг 7-15 хоногоор багасгаж болно (хөлөг онгоцны төрөл болон мөсний нөхцөл байдлаас хамааран). Түлшний зардлыг мэдэгдэхүйц 20%-35%-иар бууруулна. Олон улсын газрын тосны үнэ өндөр байх үед хэмнэлт бүр ч тод мэдрэгдэнэ. Том чингэлэг хөлөг онгоц, бөөнөөр тээвэрлэгч, шингэрүүлсэн байгалийн хий тээвэрлэгчдэд онцгой ач холбогдолтой.

Гэхдээ Арктикийн маршрут нь Суэцийн сувгийн маршрутыг орлохгүй, харин "нэмэлт ба стратегийн усан зам" юм. Богино хугацаандаа эдийн засгийн давуу талууд байдаг боловч зөвхөн тодорхой бараа, улиралд тохиромжтой. Харин дунд урт хугацаандаа уур амьсгал, технологи, дүрэм журам боловсронгуй болж Евроазийн тээврийн ачааллаас үүрэлцэх боломжтой.
НҮБ-ын мэдээгээр, Арктик дахь газрын тосны нөөц 100 тэрбум баррель байгаа нь ОХУ дахь нийт нөөцөөс 2,4 дахин их аж. Харин АНУ-ын Геологийн албаны судалгаагаар, Хойд туйлд 90 тэрбум баррель орчим нефть буюу дэлхий даяараа 3 жил хэрэглэхэд элбэг хүрэлцэхээр нөөц байгаа нь одоохондоо илрүүлээгүй байгаа дэлхий дээрх нийт нөөцийн 13 хувь болж байна. Харин 50 их наяд шоо метр байгалийн хий буюу таамаг нөөцийн гуравны нэгээс илүү хувь нь цас мөсөөр хучаастай байгаа ажээ.
Гэхдээ Арктик нь ирээдүйд Персийн булантай дүйцэхээр хэмжээний газрын тосны том бүс нутаг болно гэж үзвэл хэтрүүлэг болно. Харьцуулбаас, Хойд туйлд 134 тэрбум баррель нефтийн нөөц байгаа бол Ойрх Дорнодын улсууд 1135 тэрбумын нөөцтэй гэдгийг Америкийн Геологийн албаны судалгаа харуулж байна.
Арктикийн Зөвлөл
Арктикийн Зөвлөл нь Арктикийн асуудлаарх засгийн газар хоорондын хамтын ажиллагааны байгууллага бөгөөд байгаль орчин, аюулгүй байдал, эдийн засгийн хамтын ажиллагаа, тогтвортой хөгжлийг хангах чиглэлд түлхүү анхаардаг. Хойд мөсөн далайн Арктикийн бүс нутгийн ОХУ, Канад, Норвег, Дани, Исланд, АНУ, Финлянд, Швед гэсэн найман орон жинхэнэ гишүүн бөгөөд 2025 оны байдлаар Герман, Нидерланд, Польш, Их Британи, Франц, Испани,Хятад, Энэтхэг, Итали, Япон, Өмнөд Солонгос, Сингапур, Швейцар гэсэн 13 улс энэ зөвлөлд ажиглагчийн статустайгаар оролцож байна. 1996 онд байгуулагдсан энэ зөвлөл нь уур амьсгал, биологийн олон янз байдал, бохирдуулагч болон бусад асуудлаарх хамтын ажиллагааг дэмжиж, зөвшилцлийн үндсэн дээр шийдвэрүүдийг гаргадаг. Ажиглагчийн статусыг хоёр жилд нэг удаа хуралддаг сайд нарын уулзалтаар шийдвэрлэдэг. Ажиглагч улсаар элсэх нь Арктикийн бус бүх улсуудад нээлттэй. Ажиглагчид харин Зөвлөлийн хуралд санал өгөх эрхгүй. Ажиглагч улсууд Зөвлөлийн ихэнх хуралдаанд урилга хүлээн авснаар оролцдог. 2011 онд Зөвлөл ажиглагчдыг элсүүлэх шалгуураа гаргасан бөгөөд үүнд өргөдөл гаргагчдаас "Гишүүн улсуудын Арктик дахь бүрэн эрх, харьяаллыг хүлээн зөвшөөрөх" болон эрдэм шинжилгээ судалгааны төслүүдийн хэрэгжүүлэх хувь нэмэр оруулах"гэсэн 3 үндсэн шаардлагыг тусгажээ.
Ирээдүйн ажиглагчийн статус
Одоогийн байдлаар Турк, Бразил зэрэг улс орнууд Арктикийн Зөвлөлд ажиглагчаар элсэх сонирхолтой байгаа тухай албан бус мэдээлэл гараад байна.
Уугуул иргэдийн байнгын оролцогчид

Исландаас бусад найман гишүүн улсын долоо нь Арктикийн бүс нутагтаа уугуул иргэдийн бүлгүүдтэй. Арктикийн уугуул иргэдийн байгууллагууд Арктикийн зөвлөлд Байнгын оролцогчийн статусыг авах боломжтой, гэхдээ тэд нэгээс олон Арктикийн мужид амьдардаг нэг уугуул бүлгийг эсвэл нэг Арктикийн мужид хоёр ба түүнээс дээш тооны Арктикийн уугуул иргэдийн бүлгийг төлөөлж байгаа тохиолдолд боломжтой. Байнгын оролцогчдын тоо нь гишүүдийн тооноос бага байх ёстой. Байнгын оролцогчдын ангиллыг Арктикийн зөвлөлийн хүрээнд Арктикийн уугуул иргэдийн төлөөлөгчидтэй идэвхтэй оролцох, бүрэн зөвлөлдөх боломжийг олгох зорилгоор бий болгосон. Энэ зарчим нь Арктикийн зөвлөлийн бүх уулзалт, үйл ажиллагаанд хамаарна.
Гэсэн хэдий ч Арктикийн Зөвлөлд шийдвэр гаргах нь зөвшилцлийн үндсэн дээр найман гишүүн улсын гарт хэвээр байна.
Арктикийн Зөвлөлийн өдөр тутмын төсвийг ихэвчлэн Арктикийн найман улс санхүүжүүлдэг. Эдгээр нь гишүүнчлэлийн "төлбөр" гэж үзэж болох боловч эдгээр нь ажиглагч улсуудын заавал төлөх ёстой төлбөр биш, харин гишүүн улсуудын хүлээсэн үүрэг юм. Жишээлбэл, олон нийтэд гаргасан тайланд гишүүн орнууд Зөвлөлд жил бүр ойролцоогоор тэнцүү хэмжээний санхүүжилт гаргадаг гэж дурдсан байдаг. Тиймээс бусад ажиглагч орнууд Арктикийн гишүүн орнуудын адил жил бүр тогтмол төлбөр төлөх шаардлагагүй ч тэд өөрсдийн санаачилсан төслүүдийг санхүүжүүлэх үүрэгтэй.
Арктикийн боломж ба геополитикийн өрсөлдөөн
Далай тэнгисийн доорх үлэмж баялаг, усан замын тааламжтай маршрут зэргээрээ Арктик нь хөгжиж буй орнуудын анхаарлыг ямагт татдаг. Тиймээс энэ бүс нутагт эдийн засгийн эзэмшил бий болгох гэсэн улс орнуудын ашиг сонирхлын зөрчилдөөн энд ямагт явагдаж байдаг нь тодорхой.

Гэвч НҮБ-ын конвенц ёсоор Арктик нь хэний ч газар нутаг биш бөгөөд энэ бүс нутгийн орнууд харин нутаг дэвсгэрийнхээ хилийн заагаас 350 миль хүртэлх зайд 200 миль өргөн зурвас нутаг дэвсгэрт эдийн засгийн бүс нутаг бий болгох эрхтэй байдаг.
Ер нь Арктикийн бүс нутгийг хэрхэн хуваан эзэмшүүлэх асуудал олон улсын хэмжээнд одоо хүртэл шийдэгдээгүй байгаа юм. Гэсэн ч хэрэг дээрээ улс орнууд тэнд эзэмших нутгийнхаа хил заагийн талаарх мэдэгдлээ НҮБ-д илгээсээр байна.
ОХУ Хойд туйлаас өөрийнхөө нутаг дэвсгэрийн хоёр зах хязгаар болох Мурманск болон Чукотк хүртэлх орон зайг өөрийн хэмээн өмчлөөд зогсохгүй энэ гурвалжин доторх ус манайх гэж тэд зарлаад удаж байна. Харин Арктикийн бүсийн бусад дөрвөн орон үүнийг хүлээн зөвшөөрөөгүй байна. Арктикийг сонирхох сонирхол маш хурдтай тархаж байна. Зөвхөн ашигт малтмал, далайн таатай маршрутын хүрээнд төдийгүй Арктик нь цэрэг батлан хамгаалахын чухал стратеги нутаг. Жишээлбэл тэнд баллистик пуужин хөөргөх маш тохиромжтой байрлал бий. Түүнээс гадна дэлхийн дулаарлын нөлөөгөөр цагаан далайн мөс хайлж, одоо тэнд жилийн ихэнх хугацаанд тэнгисийн цэргийн үйл ажиллагаа явуулах боломжтой болж байна.
Судалгаанаас үзвэл, газрын тосны нөөцийн ихэнх хэсэг нь АНУ-ын Аляск муж улсын орчим, харин хийн нөөцийн нэлээд нь Оросын нутаг дэвсгэрт ойрхон байгаа аж. АНУ-ын хувьд, Аляскийн ачаар Арктик дахь эзэмшлээ нэмэгдүүлэх боломжтой боловч америкчууд 1982 оны Конвенцийг батламжлаагүй аж. Учир нь Орос, Канад хоёрын санал болгож байгаачлан Арктикийг секторын зарчмаар хуваавал АНУ-д Арктикийн нийт талбайн 10-хан хувь ногдохоор байгаа нь америкчуудад таалагдахгүй байгаа бололтой.
Өөр нэг арга бол эргийн дагуух орнуудын эргийн шугамаас ижил зайд алслагдсан дундын шугамаар хуваах явдал. Гэтэл уг хоёр аргын аль алинаар нь хуваалаа ч АНУ-ын хувьд ашиггүй тусч байгаа ажээ. Ингэхээр америкчууд Арктикийг дундын эзэмшлийн бүс болгох, баялгийн нөөцийг бүх улс орнууд захиран зарцуулах эрхтэй гэсэн чиг шугамыг барих болов уу.
Арктикийн зөвлөлийн гишүүн 8 улс орон болгон энэ бүс нутагт эзэмшлээ ахиулах гэсэн амбиц сонирхолтой байгаа нь тодорхой бөгөөд энэ удаа харин ажиглагч улсууд хэрхэн ашиг сонирхлын үүднээс хандаж байгаад дүгнэж үзье.
Европын зарим орнуудыг (голчлон Их Британи, Франц, Герман) жишээ болгон авч үзвэл, Франц улс Арктикийн аюулгүй байдал, эдийн засгийн бодлого зэрэг гол асуудлаар Арктикийн улсуудтай тогтмол зөвлөлдөх төлөвлөгөөтэй байгаа бол Герман загас агнуурын менежмент, Арктикийн нөөцийг хамгаалах зэрэг улс төрийн хувьд бага мэдрэмтгий чиглэлээр хамтын ажиллагаагаа үргэлжлүүлсээр байна. Франц улс Арктикийн зөвлөлийн хуралдаанд идэвхтэй оролцож, далайн байгаль орчныг хамгаалах, далайн аюулгүй байдлын талаарх баримт бичгийг боловсруулахад тусалдаг. Өнөөдрийг хүртэл Европын Холбоо Арктикийн бохирдуулагч бодисыг цэвэрлэх, нөөцийг хөгжүүлэх, дэд бүтцийн бүтээн байгуулалтын чиглэлээр судалгааны төслүүдэд 200 сая гаруй еврогийн хөрөнгө оруулалт хийж, "Бүтээлч Европ", "Horizon 2020" зэрэг хамтын ажиллагааны цуврал төслүүдээр дамжуулан Арктикийн тогтвортой хөгжил, байгаль орчныг хамгаалахыг дэмжиж байна.

БНХАУ-ын зүгээс Хойд мөсөн далайд явуулж буй сонирхлын анхдагч шалтгаанаа Хойд тэнгисийн усан тээврийн ирээдүйн их боломж хэмээн Арктикийн Зөвлөлд тайлбарлаж байгаа юм. Гэвч тэдний сонирхол ганц үүгээр хязгаарлагдахгүй байгаа нь тодорхой. Байгалийн асар их баялагтай Арктикийн бүс нутагт тэдний эдийн засаг, эрдэм шинжилгээний нэлээд гүн гүнзгий ашиг сонирхол хавчуулагдаж байж таарна.
БНХАУ-ын гол зорилгын нэг нь Ази-Европын хоорондох бараа тээврийн замыг ойр дөт болгох явдал. Дэлхийн том экспортлогч орны хувьд Хятад Хойд туйлыг дамнасан шинэ Торгоны замыг бий болгож, хөрөнгө оруулалт хийхэд бэлэн байгаа юм.
Жишээлбэл, АНУ 2024 оны Арктикийн стратегидаа Оросын Арктик дахь нөлөө тэлж байгаа талаар удаа дараа анхааруулж байсан бөгөөд уг стратегид Орос улс саяхан Зөвлөлтийн үеийн олон цэргийн бааз, нисэх онгоцны буудлуудыг дахин нээж, засварласан тухай дурдсан байдаг. АНУ мөн тухайн үед Хятад, Оросын Арктикийн хамтын ажиллагаанд санаа зовж байгаагаа илэрхийлж, Аляскийн эрэг орчмоор хамтарсан сургуулилт хийж байсныг дурджээ.
Гэсэн хэдий ч Доналт Трамп албан тушаалаа авсны дараа АНУ Оростой харилцаагаа сэргээж эхэлсэн бөгөөд АНУ-ын албан тушаалтнууд хоёр улсын хооронд хамтын ажиллагаа явуулах боломжийн талаар дурдсан. Трампын тусгай элч Стив Виткофф Москвад Путинтэй уулзаж, дараа нь өгсөн ярилцлагадаа " Орос, АНУ хамтран ажиллаж, сайн зүйл хийж болох газар болоосой гэж хэн хүсэхгүй байх билээ? Арктикийн эрчим хүчний бодлогыг хэрхэн нэгтгэх, далайн замыг хуваалцах, магадгүй шингэрүүлсэн байгалийн хий (LNG)-ийг Европ руу хамтран тээвэрлэх талаар бодож үзээрэй" гэжээ.
Европын орнуудаас ялгаатай нь Европын Холбоо шиг нэгдсэн платформгүй Япон, Өмнөд Солонгос Арктикийн асуудалд оролцохын тулд өөрсдийн үндэсний хүч чадалд илүү найддаг. 1990-ээд оны үед Японы Далайн Бодлогын Судалгааны Сан Орос, Норвегитой хамтран Хойд гарцыг арилжааны зорилгоор ашиглах боломжийг хамтран судлах Олон Улсын Хойд Гарцын Төслийг (INSROP) эхлүүлсэн.
21-р зуунд Арктикийн далайн мөсний хайлалтын хурд хурдсаж, Японы тээврийн салбар Хойд гарцыг арилжааны зорилгоор дахин ашиглахыг идэвхтэй судлахад хүргэсэн.
Өмнөд Солонгос Арктикийн асуудалд оролцож байгаа нь хожимдож ирсэн орнууд гүйцэж түрүүлж байгаагийн нэг жишээ юм. 2002 онд Өмнөд Солонгос Норвегийн Свалбардын арлууд дээр анхны Арктикийн судалгааны станц болох Дасан станцаа байгуулсан. 2008 онд Өмнөд Солонгос Арктикийн зөвлөлийн тусгай ажиглагч улс болсон. 2009 онд Өмнөд Солонгос анхны мөс хагалагч хөлөг онгоц болох "Аарон"-оо барьж дуусгасан. 2012 онд Өмнөд Солонгос Свалбардын гэрээнд нэгдэж, 2013 онд Арктикийн зөвлөлийн албан ёсны ажиглагч улс болж, таван жил тутамд шинэчлэгддэг Арктикийн стратегиа нийтэлсэн. 2017 онд тухайн үеийн Ерөнхийлөгч Мүн Жэ Ин албан тушаалаа авсныхаа дараа "Есөн гүүрний стратеги"-аар дамжуулан хэрэгжүүлсэн "Шинэ Хойд бодлого"-ыг санал болгосон: байгалийн хий, төмөр зам, боомт, цахилгаан эрчим хүч, Арктикийн тээврийн зам, хөлөг онгоц үйлдвэрлэл, ажил эрхлэлт, хөдөө аж ахуй, загас агнуур зэрэг есөн гол чиглэлээр Орос улстай олон талт хамтын ажиллагаа, Арктикийн тээврийн маршрутын хөгжил, бүтээн байгуулалтыг дэмжих, Алс Дорнод-Арктикийн асуудалд олон өнцгөөс, цогц байдлаар оролцож байна.
Энэтхэг бол Арктикт хүчтэй сонирхолтой Азийн бас нэгэн орон юм. 1920-иод оны үед Энэтхэг улс тусгаар тогтнохоосоо өмнө Шпицбергенийн гэрээнд гарын үсэг зурсан. Гэсэн хэдий ч Энэтхэг улс анх 2007 онд Арктик руу шинжлэх ухааны экспедиц илгээж, хэд хэдэн шинжлэх ухааны төслийг эхлүүлсэн. 2008 онд Энэтхэг улс Норвегийн Олон улсын Арктикийн судалгааны баазад Гималайн судалгааны станцыг байгуулсан.
Сүүлийн жилүүдэд Энэтхэгийн Арктикийн асуудалтай холбоотой хандлага, стратегид томоохон өөрчлөлтүүд орж, дүрэм журам, нөлөөллийг бий болгоход илүү их ач холбогдол өгч байна. Арктикийн байгууллагууд, олон улсын форум, өндөр түвшний уулзалтуудад идэвхтэй оролцсоноор Энэтхэг улс Арктикийн бүс нутагт өөрийн ашиг сонирхлыг институтийн механизмаар дамжуулан хангахыг оролдож байна. Жишээлбэл, Энэтхэг улс 2012 онд Олон улсын Арктикийн шинжлэх ухааны хороонд албан ёсоор элсэж, 2013 оны 5-р сард анх удаа Арктикийн зөвлөлийн бүрэн эрхт ажиглагч улс болсон.
БИДЭНД ОЙРХОН АРКТИК
Арктикийн асуудлыг зохицуулсан нэгдсэн олон улсын гэрээ байдаггүй харин тэдгээрийг НҮБ-ын дүрэм, НҮБ-ын Далайн эрх зүйн конвенц, Шпицбергений гэрээ зэрэг олон улсын гэрээ, олон улсын ерөнхий эрх зүйгээр зохицуулдаг.
Арктикийн гаднах улсууд Арктикийн тухайд нутаг дэвсгэрийн бүрэн эрхийг эдэлдэггүй боловч НҮБ-ын Далайн эрх зүйн конвенц, олон улсын ерөнхий эрх зүй зэрэг олон улсын гэрээний дагуу тэд Хойд мөсөн далайн нээлттэй тэнгист шинжлэх ухааны судалгаа, навигаци, далай дээгүүр нисэх, загасчлах, шумбагч кабель, дамжуулах хоолой тавих, түүнчлэн олон улсын далайн ёроолын бүсэд нөөц хайгуул, хөгжүүлэх эрхийг эдэлдэг. Цаашилбал, Шпицбергенийн гэрээнд гарын үсэг зурсан улсууд Арктикийн тодорхой бүс нутгуудад чөлөөтэй нэвтрэх эрхтэй бөгөөд хуулийн дагуу эдгээр бүс нутагт шинжлэх ухааны судалгаа хийх, ан агнуур, загасчлал, уул уурхай зэрэг үйлдвэрлэл, арилжааны үйл ажиллагаа эрхлэх тэгш эрхтэй.
Ирээдүйд Арктикийн эх газар дахь ашигт малтмалыг ашиглах нь технологийн хувьд боломжтой, арилжааны хувьд ашигтай болох тэр үед улс орнуудын өрсөлдөөн чангарна гэдгийг ч үгүйсгэх аргагүй. Тухайлбал, улс орон бүр далайг ашиглах эрхтэй гэдгийн нэгэн адилаар Арктикийн бүсээс алс оршдог улс орнууд ч гэсэн Арктикийн баялгийг эзэмших эрхтэй гэдгээ ихээхэн анхаарах нь мэдээж.
Далайн эрхийн Конвенцид заасан ёсоор, туйл орчмын орнууд өөрийн хуурай хилээс гадагш 200 бээр буюу 370 км-ийн орон зай доторх далай тэнгисийн усан дор ашигт малтмалын хайгуул хийх, олборлох эрхтэй гэдгийг дээр дурдсан билээ. Харин бусад бүх орон зай нь хүн төрөлхтний дундын өмч гэж тооцогдоно. Дэлхийн аль ч улс орон Ямайк улсад байрлах далай тэнгисийн асуудал эрхэлсэн олон улсын байгууллагад хандаж Хойд туйл хүртэлх орон зайд хайгуул хийх хүсэлтээ илэрхийлэх боломжтой.
Үүнээс үүдэн Арктикийн 12 сая км2 гаруй талбайг улс орнуудын нийтийн эзэмшлийн бүс мөн гэж тооцоод, дэлхийн улс орнууд хамтран ашиглах тохиолдолд манай Монгол Улсад бас боломж ирнэ. Асар өгөн мөс цасан дор хадгалаастай байгаа чамгүй их баялгийг яаж ч хуваахаар боллоо гэсэн туйлд гарцгүй орнуудын эрх ашгийг зайлшгүй харгалзан үзэх ёстой гэдэг нь маргашгүй үнэн.
Өдгөө дэлхийн улс орнууд Зүүн европ, Ойрх Дорнодын бүс нутагт болж буй үйл явдалд анхаарлаа хандуулах зуур манай дэлхийн өөр нэгэн бүс нутагт баялгийн төлөөх далд тэмцэл хэдийн эхэлжээ. Хойд туйл буюу Арктикт байгалийн хий, газрын тосны асар их нөөц байгаа нь тодорхой болсны дараа том, жижиг орнуудын стратегийн ашиг сонирхол хоорондоо илт “огтлолцох” болов. Тэр дундаа их гүрнүүд Арктикийн орон зайг хуваан эзэмшихээр далдуур нухацтай бэлтгэж байгаа бололтой.
1982 онд батлагдсан НҮБ-ын Далайн эрхийн Конвенц нь /UNCLOS/ Арктикийн эх газартай холбоотой асуудлыг зохицуулдаг хууль эрх зүйн үндсэн гол баримт бичиг юм. Уг конвенцод зааснаар, Арктик орчмын улс бүрд өөрийн хуурай замын хилийн дагуух 200 бээр газарт эдийн засгийн бүстэй байх эрхийг олгожээ. Үүнээс цааших нутаг дэвсгэрийг бүх улс орнууд эрх тэгш хуваан эзэмших эрхтэй аж.
Хэрвээ үнэхээр Хойд мөсөн далайд олборлолт явуулах боломжтой гэж үзэх юм бол байгаль, цаг уурын маш хүнд нөхцөлд үүнийг хийхэд хүрнэ. Жилийн агаарын дундаж хэм нь -37, маш зузаан мөсөөр хучигдсан Арктикт туйлын шөнө удаан үргэлжилнэ. Гэсэн хэдий ч АНУ, Өмнөд Солонгос болон Норвегийн эрдэмтэд мөсөн дор 2000 м-ийн гүнд байгаа нефть, хийн ордуудад өрөмдлөг, олборлолт хийхэд шаардлагатай тоног төхөөрөмжийг 2030 оноос өмнө зохион бүтээх зорилт тавиад шаргуу ажиллаж байна.
Монгол Улсын аюулгүй байдал, үндэсний язгуур ашиг сонирхлыг олон улсын эрх зүйн хүрээнд улс төр-дипломатын аргаар хангах, дэлхий нийтийн тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэхэд өөрийн хувь нэмрийг оруулах, дуу хоолойгоо хүргэхэд олон талт хамтын ажиллагаа чухал үүрэгтэй.
Бид олон талт хамтын ажиллагаагаа өргөжүүлэх хүрээнд сүүлийн үеийн геополитикийн өрсөлдөөний талбар болж буй Арктикийн зөвлөлийн үйл ажиллагаанд идэвхтэй оролцох цаг нь ирж буйг энэхүү нийтлэлээрээ мөн сануулах зорилго тавилаа.
Монгол улс нь Евроазийн эх газрын төв хэсэгт байрладаг, далайд гарцгүй орны хувьд Арктикийн бүс нутагт өрнөж буй уур амьсгалын өөрчлөлт, далайн тээврийн шинэ чиглэл, гео-эдийн засгийн бүтцийн хувьсал зэрэг үйл явцын шууд бус боловч бодит нөлөөлөлд орж буй улс юм. Иймд Арктикийн зөвлөлийн (Arctic Council) хүрээнд явагдаж буй олон талт хамтын ажиллагаанд судалгаа, бодлогын түвшинд идэвхтэй оролцох нь Монгол Улсын гадаад бодлогын ашиг сонирхолд нийцнэ.
Арктикийн зөвлөл нь бүс нутгийн аюулгүй байдал бус, харин уур амьсгал, байгаль орчин, тогтвортой хөгжил, нутгийн уугуул иргэдийн амьжиргаа, шинжлэх ухааны хамтын ажиллагааг чухалчилдаг засгийн газар хоорондын форум бөгөөд уг байгууллагын үйл ажиллагаанд гишүүн бус, ажиглагч орнуудын оролцоо бодитойгоор хэрэгжиж ирсэн туршлагатай. Энэ утгаараа Монгол Улс нь Арктикийн зөвлөлийн гишүүн орнуудтай олон талт хамтын ажиллагааны нэг хэлбэр болгон тодорхой чиглэлүүдээр хамтран ажиллах боломжтой.
Иймд Монгол Улсын хувьд Арктикийн зөвлөлийн үйл ажиллагаанд оролцох асуудлыг гишүүнчлэл бус, харин олон талт хамтын ажиллагааны институтчилсэн нэг хэлбэр хэмээн авч үзэх нь зүйтэй. Энэ нь Монгол Улсын гадаад бодлогын нээлттэй, прагматик чиг шугамыг бататгахын зэрэгцээ бүс нутгийн болон дэлхийн түвшинд өрнөж буй стратегийн өөрчлөлтөд мэдээлэлтэй, уялдаатайгаар хариу үйлдэл үзүүлэх чадавхыг нэмэгдүүлэх ач холбогдолтой юм.

Монгол Улс нь газарзүйн хувьд Арктикийн ойролцоох улс биш боловч, Евразийн эх газрын төвд оршдогийн хувьд Арктикийн бүсэд өрнөж буй уур амьсгал, тээвэр, гео-эдийн засгийн өөрчлөлтийн хоёрдогч нөлөөнд оролцох боломжтой улс юм. Дашрамд сонирхуулахад Монгол Улсын Гавьяат тамирчин Г.Өсөхбаяр Хойд мөсөн далайг явган туулж, монгол хүний мөр хүрээгүй дэлхийн бөмбөрцгийн зулайд / North Role хойд туйлын 90 градусын цэгт 2013 оны 04 сарын 20-нд хүрч эх орныхоо алтан соёмбот далбаагаа хийсгэсэн билээ.
Олон улс судлалын доктор (Ph.D) Х.Баатархүү





































