
Өнгөрсөн шөнө Флорида муж улс дахь Трампын эдлэн болох Мар-а-Лагод зохион байгуулсан хэвлэлийн хурлын үеэр АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп мэдэгдэхдээ, засгийн эрхийг “аюулгүйгээр”, “зохих ёсны дагуу” шилжүүлэх хүртэл Венесуэлийг АНУ удирдан хянах болно гэлээ.
Хэвлэлийн хурлыг АНУ-аас Венесуэлд явуулсан цэргийн ажиллагаа, Венесуэлийн удирдагч Н.Мадурог баривчилсантай холбогдуулан зохион байгуулсан байна. Трампын хэлснээр, Боливарын Бүгд найрамдах улсын ирээдүйтэй холбоотой шийдвэрүүдийг Вашингтонд гаргах ажээ.
“Санаа зорилго нь Венесуэлийн иргэдэд ямар ч сайн зүйлийг авчрахааргүй тийм хүн засгийн эрхэнд гарах явдлыг бид хүлээн зөвшөөрч чадахгүй” гэж Д.Трамп хэллээ. Венесуэлийн сөрөг хүчний удирдагч, Нобелийн Энх тайвны шагналт Мария Корина Мачадо-той холбоо бариагүй гэдгээ тэрбээр дурдаад “ учир нь, Мачадо бол улс орныг удирдахад шаардлагатай ард иргэдийн хүндлэл, дэмжлэгийг хүлээгээгүй хүн” гэв.
Гэхдээ чухам хэдий хугацаанд Венесуэлийг удирдан хянах, түр засаг захиргааг хэн удирдах талаар Трамп тодруулсангүй. Үүний зэрэгцээ тэрбээр тус улсын газрын тосны дэд бүтцийг сэргээн босгож, Венесуэлийн ард иргэдэд “санаа тавина” гэдгээ амлалаа.
Цагаан ордны тэргүүний хэлснээр, засгийн эрхийг шилжүүлэх хүртэл хоригуудыг, тухайлбал Венесуэлийн газрын тосонд тавьсан хоригийг цуцлахгүй ажээ. “Байлдааны хөлөг онгоцууд бэлэн байдалд байгаа, Америкийн бүх шаардлагыг биелүүлэх хүртэл цэргийн хувилбаруудыг цуцлахгүй. Венесуэлийн улстөрчид, цэргийнхэн нэг зүйлийг ойлгох хэрэгтэй. Мадурод тохиолдсон зүйл тэдэнд ч тохиолдож болзошгүй” гэж АНУ-ын Ерөнхийлөгч анхааруулсан байна.
Америкийн телевизийн NBC News сувгийн хамгийн сүүлийн үеийн мэдээллийг үзвэл, Венесуэлийн Ерөнхийлөгч болон түүний эхнэрийг суулгасан нисэх онгоц Нью-Йорк муж улс дахь “Стюарт” олон улсын нисэх онгоцны буудалд буужээ. АНУ-ын Холбооны мөрдөх товчоо, Мансууруулах бодистой тэмцэх газрын /DEA/ ажилтнууд Мадурог дагалдан бууж байгаа нь дүрс бичлэгээс харагдана. Түүнийг удахгүй Нью-Йорк хотод хүргэнэ гэж NBC News-ийн эх сурвалжууд ярьжээ.





































