
Прокурорын байгууллага 2025 оны 12 дугаар сарын 22-ны өдрөөс 2026 оны 1 дүгээр сарын 02-ны өдрийг хүртэлх хугацаанд хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын 45072 эрүүгийн хэрэгт хяналт тавин ажиллажээ.
Дээрх хугацаанд 2142 гэмт хэргийн шинжтэй гомдол, мэдээлэл бүртгэгдсэн бол хэрэг бүртгэлтийн 1426 хэрэг шинээр нээж, 58 хэрэгт прокурор яллах дүгнэлт үйлдсэн байна.
Яллах дүгнэлт үйлдсэн хэргийг тодруулбал,
- Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг 15,
- Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг 20,
- Өмчлөх эрхийн эсрэг 16,
- Авлигын 3,
- Хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг 2,
- Хүний амьд явах эрхийн эсрэг гэмт хэрэг тус бүр 2 байна.

Нийслэлийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн зарим хэргээс дурдвал:
Д.Д нь бусадтай бүлэглэн нэр бүхий эмийн сангийн цонхыг хагалж, хууль бусаар нэвтрэн эм, бэлэн мөнгө авч, бусдад хохирол учруулсан хэрэгт Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 /Хулгайлах/-д зааснаар, Эрүүгийн хуулийн 17.8 дугаар зүйлийн 1 /Эд хөрөнгө устгах, гэмтээх/, 20.7 дугаар зүйлийн 1 /Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах/-д зааснаар, Г.Т нь нэр бүхий эмийн сан руу хууль бусаар нэвтэрч бэлэн мөнгө хулгайлсан хэрэгт Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 /Хулгайлах/-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд,
Г.Д нар нь НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын хоёрдугаар жагсаалтад багтдаг 10.2 мл хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан хэрэгт Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйлийн 1 /Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах/-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд шилжүүлжээ.






































