
Ханх сумын Засаг даргын орлогч М.Эрдэнэдаваагаар ахлуулсан ажлын хэсэг Хөвсгөл нуурын мөсний зузааны хэмжилтийг 9 байршилд хийж хөлдөөгүй газруудад анхааруулах тэмдэг байрлуулсан байна.
Хөвсгөл нуурын мөсөн бүрхүүлийн зузаан харилцан адилгүй, мөсний зузаан хөлдсөн хэсгээр 40-55 см зузаан, зарим хэсгээрээ хөлдөөгүй байна.
Иймд иргэд та бүхэн цаг хожих, зам товчлох зэргээр мөсөн дээгүүр явган болон автотээврийн хэрэгслээр зорчихгүй байхыг анхааруулж байна.
Мөн хараа хяналтгүй бага насны хүүхдийг мөсөн дээр тоглуулах, автотээврийн хэрэгслээр чаргатай нь чирэхгүй байхыг зөвлөж байна.
Хөвсгөл нуурын мөс өвлийн адаг сард 70-80 см орчим зузаантай хөлддөг бөгөөд 120-150 см орчим зузаантай болох үед нь хангалттай хөлдсөн гэж үзэж Мөсний баяр зохион байгуулдаг юм.





































