
“Зөрчлийн бүртгэл, мэдээллийн нэгдсэн сан”-г 2026 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс улсын хэмжээнд хэрэглээнд нэвтрүүллээ.
Энэ нь Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого, цахим засаглал, хууль дээдлэх ёсыг бэхжүүлэх, төрийн үйл ажиллагааг ил тод, шуурхай, үр ашигтай болгох зорилтын хүрээнд зөрчлийн талаарх гомдол, мэдээлэл, шийдвэрлэлтийн мэдээллийг нэг мөр, ил тод, нэгдмэл эх сурвалжид төвлөрүүлж, зөрчил шалган шийдвэрлэх болон хяналт тавих байгууллагуудын үйл ажиллагааны уялдаа холбоо, харилцан мэдээлэл солилцоог сайжруулах зорилготой юм.
Нээлтийн арга хэмжээнд Монгол Улсын ерөнхий прокурорын орлогч, Хууль зүй, дотоод хэргийн сайд, Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд, Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга, Цагдаагийн ерөнхий газрын удирдлагууд, Тагнуулын ерөнхий газар, Авлигатай тэмцэх газрын удирдлагууд, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч, Германы Олон Улсын Хамтын Ажиллагааны Нийгэмлэг (GIZ)-ийн төлөөлөл болон зөрчил шалган шийдвэрлэх эрх бүхий төрийн байгууллагуудын удирдлага, албан тушаалтнууд оролцлоо.
“Зөрчлийн бүртгэл, мэдээллийн нэгдсэн сан” нь зөрчлийн талаарх гомдол, мэдээлэл, зөрчлийн хэргийн шийдвэрлэлт, прокурорын хяналт, шүүхийн шийдвэр, шийтгэлийн биелэлтийн талаарх мэдээллийг нэг эх сурвалжид төвлөрүүлэн, холбогдох байгууллагуудын мэдээлэл солилцоо, ажлын уялдаа холбоог хангах зорилготой төрийн нэгдсэн цахим систем юм.

Өнөөдрийн байдлаар Монгол Улсад 65 чиг үүргийн 13 мянга орчим эрх бүхий албан тушаалтан жилд дунджаар 4 сая гаруй зөрчлийг шалган шийдвэрлэж байна.
Нэгдсэн санг хэрэглээнд нэвтрүүлснээр зөрчил шалган шийдвэрлэх эрх бүхий алба хаагчид прокурорт заавал биечлэн очих шаардлагагүй болж, интернэт холболттой аль ч газраас нэгдсэн санд нэвтэрч, зөрчлийн талаарх гомдол, мэдээллийг цахимаар бүртгэх, зөрчлийн хэргийн дугаарыг автоматаар олгох, баримт бичгийг системээс боловсруулах боломж бүрдэж байна.
“Зөрчлийн бүртгэл, мэдээллийн нэгдсэн сан”-д төвлөрсөн мэдээлэлд үндэслэн зөрчил шалган шийдвэрлэх болон прокурорын хяналтын ажилд шаардлагатай мэдээ, судалгаа, статистикийг бодит цагийн горимоор ашиглах боломж бүрдэж, бодлого, шийдвэр гаргалт өгөгдөл, нотолгоонд суурилсан хэлбэрт шилжих нөхцөл бүрдэж байна.

Ингэснээр зөрчил зөрчил шалгах ажиллагааны хугацаа, зардал, гар ажиллагаа, хүндрэл чирэгдэл бодитоор буурч, зөрчлийг шалгах ажиллагаа илүү шуурхай, ил тод, үр ашигтай болж, хүний эрхийг хамгаалах, хууль дээдлэх ёсыг бэхжүүлэхэд бодит дэмжлэг үзүүлнэ.








































