МЭДҮҮШТЭЙ: Sleep Сycle - Нойр бат бол амьдрал сайхан

Arslan.mn

Ихэнх хүнд нэг л эрч хүч дутагдаад, цог жавхлан буураад ирэх үе тохиолддог. Үүний нэг шалтгаан нь гарцаагүй нойр байдаг. Бага унтах, гайгүй цагаар унтлаа ч чанаргүй унтах зэрэг нь эрч хүч, бүтээмжид нөлөөлөх гол хүчин зүйл учраас нойроо хянаж, бат бөх нойрсоход туслах Sleep Cycle апп-ийг өнөөдөр танилцуулж байна.

ЯАГААД ХЭРЭГЛЭХ ХЭРЭГТЭЙ ВЭ?

Sleep Cycle нь шөнийн турш таны нойрны хэмнэлийг мэдэрч улмаар хамгийн тохиромжтой цагийг сонгон таныг сэрээдэг юм. Ухаалаг сэрүүлгийн энэ апп нь таны утсан дахь хурдасгалыг хэмжих хэрэгсэл буюу акселерометр (accelerometer) юм уу микрофоныг ашиглан унтах үеийн хөдөлгөөнийг хянаж, тэрхүү мэдээллээ ашиглан аль мөчлөгт явааг тань таамагладаг аж. Сэрүүлэг дуугарах цагаас хэр хугацаагаар хэлбэлзэж болохыг та өөрөө оруулах боломжтой.

Жишээ нь, өглөө есөн цагаас ажилтай байлаа гэж бодоход 7 цаг 30 минутад сэрүүлгээ тавиад 30 минутын хэлбэлзэлтэй гэж оруулбал 7-оос 8-ын хооронд таныг сэрээх юм. Хэрвээ та 7 цаг 50 минутын үед нааш цаашаа их хөдөлж байвал гүехэн нойрны үе байна хэмээн таамаглаад сэрүүлэг автоматаар дуугарах болно. Түүнчлэн сэрүүлэг хэрхэн дуугарахыг хүртэл апп цаанаасаа тохируулдаг бөгөөд тухайн өдрийн нойрноос шалтгаалж чанга эсвэл зөөлөн дуугарах нь. Бас утсан дээрх дуунуудаасаа сонгох боломжтой.

ЯМАР ДАВУУ, ОНЦЛОХ ТАЛУУДТАЙ ВЭ?

Энэ апп нь сэрүүлэг төдийгүй нойроо хянах хэрэгсэл юм. Өдөр бүрийн нойрны мэдээллийг график болгон харуулдаг тул хэзээ нь бат бөх нойрсож байгаагаа, нойрны чанараа, хэр удаа унтаж байгаагаа харж болно. Хэр сайн унтаж байгаагаа мэднэ гэдэг бүтээмжтэй байхад нэн ач холбогдолтой юм. Сэрүүлэгний тохиргоог мөн унтрааж болох бөгөөд амралтын өдрүүдээр хэрхэн унтсанаа мэдмээр байгаа хэрнээ сэрүүлэг тавихыг хүсэхгүй байгаа хүмүүст тохиромжтой юм.

Үүнээс гадна хурхирч байгаа эсэхээ хянах функцийг мөн санал болгодог. Унтаж байх үеийн тань дууг хурааж авах ба автоматаар 1, 20, 100 өдрийн дараа устгах сонголттой.

Бусад эрүүл мэндийн апп болох Apple Health зэрэгтэй холбож ашиглах боломжтой. Ингэснээр таны дасгал хөдөлгөөн, зүрхний хэмнэл зэргийн мэдээллийг авч нойрны улам нарийн мэдээллийг өгөх болно. Жишээ нь, тухайн өдөр 5 км алхсан байлаа гэхэд үүнийг бичин авч таны нойронд юу нөлөөлснийг харуулах юм.

Өөр датагаа CSV файлаар авах боломжтой.

ЯМАР СУЛ ТАЛТАЙ ВЭ?

Шөнөжингөө идэвхтэй ажилладаг тул батерей их иддэг байх талтай. Ялангуяа унтахын өмнө 20, 30 хувийн цэнэгтэй байвал шөнөдөө унтрах магадлал өндөр.

Трендс буюу таны нойртой холбоотой ерөнхий мэдээллийг өдөр, сар, жилээр ангилсан графикууд нь зөвхөн үнэтэй хувилбарын хэрэглэгчдэд нээлттэй. Үүнд хэзээ, хэр удаан, хэр чанартай унтсан болохыг багтаасан байдаг. Тиймээс нойрны асуудалтай хүнд бол үр дүнтэй хөрөнгө оруулалт болох байх аа.

Мөн апп-ийн талаарх сэтгэгдэл голдуу эерэг хэдий ч зарим хүмүүс хэзээ ч хамаагүй сэрээгээд байна хэмээн гомдоллосон нь мэр сэр харагдаж байсан. Тиймээс апп-аа зөв ашиглахын тулд зааврын дагуу таны хөдөлгөөнийг мэдрэх боломжтой газар тавих нь чухал шүү.

UNREAD-ИЙН ҮНЭЛГЭЭ

Олон хүний амьдралын хэв маягийг өөрчилсөн хэмээн гайхагдаад буй энэ апп-д бид 7 оноо өгье.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an Report.mn post Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
5905